Ч.Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Их зохиолч, Хүрэн морины хэмээн олноо алдаршсан Төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Баянхонгор аймгийн удирдлагууд түүний гэргий С.Цэндсүрэнд хүндэтгэл үзүүлж, олон ажил хийхээр төлөвлөснөө дуулгалаа.
Ч.Лхамсүрэн гуайн гэр бүлийн хүн 90 настай С.Цэндсүрэн гуай Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэн гуайнх найман хүүхэдтэй өнөр өтгөн айл. Их зохиолчийн найман хүүхдийн хамгийн том нь 73 настай бол хамгийн бага хүү Ч.Баасанхүү нь 53 настай юм.
Түүний том охин Л.Пүрэвсүрэн гавьяат эмч, нөхөр нь Дорнод аймгийн уугуул, Монгол Улсын Хүний гавьяат эмч Ч.Цэдэн-Иш гуай юм.
Өдгөө Лхамсүрэн гуайн найман хүүхэд өсч өндийж, үр ач нийлээд 70-уулаа болжээ. Тэд улс орныхоо хөгжлийн төлөө салбар бүрт ажиллаж байна.
Сонирхуулахад, Тэгш ойн хүрээнд хийгдэх ажлуудын томоохон нь яруу найргийн Болор цом наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.
Чойжилжавын Лхамсүрэн /1917-1979/. Ч.Лхамсүрэн 1917 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Яруу найрагч, үргэлжилсэн үг, хүүхдийн зохиолч. Дөчөөд онд худалдааны сургууль, 1965 онд Москвагийн А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгссөн. Тэрбээр, 1938 оноос уран зохиол бичиж, 40 шахам ном түүвэр хэвлүүлжээ. Түүний олон зохиол нь ЗХУ-ын Орос болон бусад хэлэнд орчуулагдан хэвлэгдсэн. Яруу найргийн бүтээлүүд нь ардын аман зохиол дээр үндэслэгдсэн байдаг бөгөөд бичсэн олон шүлэг нь ард түмний дунд түгээмэл дуунууд болсон байна.
Тэрээр 1962 онд “Хүрэн морь” найраглал, "Маамуу нааш ир” зэрэг хүүхдийн дууны шүлгээрээ Төрийн шагнал авч байжээ.
Б.Мөнхзул