ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Британийн ГХЯ-ны яамны орлогч сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-10 11:55:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны байнгын орлогч Төрийн нарийн бичгийн дарга (орлогч сайд) Саймон Макдоналд,  Ази, Номхон далайн газрын Монгол, Японы газрын дарга Рик Шеарс нартай уулзаж, Монгол Улс “гуравдагч хөрш”-тэй харилцах бодлогын хүрээнд Британитай харилцах, хамтран ажиллахад өндөр ач холбогдол өгсөөр ирсэн ба  улс төр, нийгэм, худалдаа, эдийн засгийн бүх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтойг тэмдэглэв.

Ноён. Макдоналд хэлэхдээ, төрийн түүхэн уламжлал, хэв жаягыг хадгалах талаараа ч адил төстэй хоёр ард түмний харилцаа удаан жилийн түүхтэй бөгөөд британичууд Монголыг сонирхох нь улам нэмэгдэж байгаа гэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захиралтай уулзав

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлд Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал Франс Вийкерстэй уулзав. Талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд  эдийн засгийг төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Уулзалтад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, ЕСБХБ-ны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ө.Азжаргал нар оролцов.

Монгол Улс 2006 онд ЕСБХБ-ны зээлжих эрхтэй гишүүн болсноос хойш  нийт 88 төсөл хэрэгжүүлж, хувийн хэвшилд 1.460 сая еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилт олгосон байна.

 НҮБ-ЫН хүрээнд хоёр улс амжилттай хамтран ажилладаг

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Британийн парламентын Лордын танхимын гишүүн, ГХХНЯ-ны Хамтын нөхөрлөл, НҮБ-ын асуудал хариуцсан Төрийн сайд Баронесс Анелитэй уулзав. Баронесс Анели хэлэхдээ Монгол Улс нь геополитикийн өвөрмөц бүсэд ардчиллын бамбар болон гялалзаж байгаад бахархаж байна гэв.

Д.Даваасүрэн НҮБ, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг дурдаад Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2015 сонгуульд үнэмлэхүй олонхийн санал авахад Британи дэмжиж санал өгсөнд талархал илэрхийлэв.

Уулс орноо гадаадад сурталчлахад "GREAT" санаачилгын туршлага чухал

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREAT” санаачилгын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Д.Уолполтой уулзаж, “GREAT” санаачилгын үйл ажиллагаа, туршлагыг судлан улмаар Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилго бүхий ижил төстэй нэгж байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа тухай дурдав.

Ноён Д.Уолпол 2016 оны 11 дүгээр сард Монгол Улсад айлчлахдаа Монгол Улсын ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газартай хамтарсан зөвлөмж гаргасныг онцлон тэмдэглэв. Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд өрнөв.

Монголын төлөөлөгчид Вэстминстерт зочлов

Британийн парламент дахь Британи-Монголын парламентын бүлгийн нарийн бичгийн дарга, Британийн парламентын Дээд танхимын гишүүн Лорд Баунэсс ‘’Лондон Бизнес форум’’ болон ‘’ Монгол орны хөгжилд’’ 13-р чуулганы төлөөлөгчдийг хүндэтгэн Парламентын ордонд хүлээн авалт зохион байгуулав.

Вестминстрийн буюу парламентын ордны Темза мөрний эрэг дээрх задгай тагт дээр болсон хүлээн авалтад парламентын дээд, доод хоёр танхимын бүх намын гишүүдийн төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ