Эрүүл мэндийн салбарт 520 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-05 17:19:48
Архангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5-р сарын 12-ны өдрийг олон улсын сувилагч нарын баяр өдөр болгон тэмдэглэдэг. Монгол улсын хэмжээнд 2017 оны энэ өдрийг “Эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулья” уриан дор тэмдэглэж байгаа юм байна. Архангай аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагч нарын баярын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 520 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд ажилладаг. Үүний 80-90 хувь нь залуу боловсон хүчин байна. Тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтууд болон бие биенээсээ суралцах арга хэмжээнүүдийг ЭМГ болоод Нэгдсэн эмнэлгийн зүгээс байнга хэрэгжүүлдэг байна.   
Энэ жил сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулж ажил мэргэжлийн уралдаан, “Сувилагч таньдаа барих бидний бэлэг” ар гэрийн эрүүл мэндийн үзлэг, сувилагчийн тангараг өргөх ёслол, сувилагч мэргэжлийн тухай ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан, спортын тэмцээн гээд 10 чиглэлийн ажил зохиожээ.  

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын ажиллагсдын хөгжил, нийгмийн хамгааллыг сайжруулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж эмч, сувилагчдынхаа орон тоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг олон арга хэмжээ тусгагдсаныг аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Буяннэмэх баярын хурал дээр онцлон хэллээ.   

Дэлхийн улс орнууд олон улсын сувилагчийн өдрийг 1965 оноос, Монгол улс 1995 оноос эхлэн тэмдэглэж иржээ.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ