Хүүхдийн баяраар хүүхдүүд “Уламжлалт наадгайн баатрууд”-тай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-26 14:34:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг  “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ болон нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Нийслэлийн Соёл Урлагийн Газрын дарга Ж.Дамдинцэрэн, “Энэ удаагийн баярын үйл ажиллагаа нь багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай”  гэсэн 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хамтдаа тоглох, түгээн дэлгэрүүлэх, тухайн төрлийн Монгол контентыг бий болгож Соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах чиглэлийг баримталж ажиллана” гэв. 

Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэдэх 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг шинээр гаргаж байгаа аж. Энэхүү баярын үйл ажиллагааг найруулж буй УДЭТ-ын найруулагч С.Болд-Эрдэнэ, “Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас сонгон хүүхэд багачуудын сайн мэдэх баатруудыг шинээр гаргаж “амилуулна”. Энэ нь 2017 оны хүүхдийн баярын хамгийн том онцлог бөгөөд багачуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг 11.00-16.00 цагийн хооронд хаана. Амарын гудамжны автозамыг хүүхдийн баярын үйл ажиллагааны нэг болох “Явган парад”-ын үеэр түр хаах юм.

Мөн хүүхдийн баярын үеэр төв талбайд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт, шалгалт хийж, явуулын лаборатори ажиллуулах бөгөөд нийт 80 гаруй аж ахуйн нэгж,  иргэд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл авчээ.
Хүүхдийн баярын үйл ажиллагааг МҮОНТВ, UBS телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулалт хийх аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Холбоотой мэдээ