Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгааны нээлт Дорнод аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-07 17:43:51
Дорнод /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгаа Дорнод аймагт үргэлжилж байна. Тэрээр өчигдөр орой Хөлөнбуйр, Булган сумын ард иргэдтэй уулзалт хийж, өнөө өглөө 07.00 цагт Найрамдал паркад дэмжигчдийн хамт өглөөний гүйлт хийснээр Дорнод аймаг дахь сурталчилгаагаа албан ёсоор эхэлсэн юм.
Нэр дэвшигч Монгол дайчдын хөшөө, Бунхан толгой дахь Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө, Тусгаар тогтнолын талбай дахь маршал Х.Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа “ДБЭХС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн төвийн хөл хөдөлгөөнтэй газруудын нэг “Шүр” захаар зочиллоо.
Эх орон тусгаар улсынхаа хөгжлийн төлөө санаа зовних боллоо, гадаадын иргэд тэр дундаа хятад иргэдийн ажлын байрыг бий болгосон хэрнээ орон нутгийн иргэдэд ажил олдохгүй байна, эх орондоо эзэн шиг эзэн байх боломжийг нээж өгөөрэй хэмээн иргэд, сонгогчид түүнд захиж байсан юм. Харин нэр дэвшигч Баттулга: “Та бүхний халуун итгэл тууштай дэмжлэг байхад би зоригтой, хүчтэй, шантрахгүй байж чадна гэдгээ андгайлъя. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол улс эх орны цаашдын хувь заяаг тодорхойлох эгзэгтэй түүхэн цаг үе. Туурга тусгаар, эрх чөлөөт улсын иргэд байх уу эсвэл 27 жилийн өмнөх гашуун түүхийг давтсан, бусдаас эдийн засаг, улс төрийн хэт хамааралтай дагуул улсын гачлант иргэд байх уу гэдгийг шийдэх хүнд хэцүү сонголтын цаг ирээд байна. Монгол төрд байгаа өнөөдрийн доройтлыг бид ялна. 3 сая иргэдээ тэжээж чаддаг Монголыг бүтээхийн төлөө би нэр дэвшиж байна” гэлээ.
Үүний дараа нэр дэвшигч Х.Баттулга Сүхбаатар аймагт сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэхээр хөдөллөө.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ