Хөх, умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД“Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор хавдартай тэмцэх 14 хоногийн аян эхэлж байна.
Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян”-ыг зохион байгуулж ирсэн юм. Харин энэ жилийн аяныг “Хөх, умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх аян болголоо. Манай оронд жилд 5000 гаруй хорт хавдар бүртгэгдэж байгаагийн 75 хувь нь хожуу буюу хорт хавдрын өвчний 3, 4 дүгээр шатандаа оношлогдож байна.
ХӨСҮТ-ийн сүүлийн гурван жилийн тайлангаас харахад умайн хүзүүний эрт илрүүлгийн хамрагдалт 2012 онд 41 хувь (75046), 2013 онд 43 хувь (65810), 2014 онд 32 хувь (71636) байв. Харин 2015 оны эхний хагас жилийн байдлаар дунджаар 21.4 хувьтай (37976) болж эрт илрүүлэг үзлэгийн хамралт буурчээ.
Энэ нь хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломж болон эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой. Иймд улсын хэмжээнд “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс ч энэ жил хөх, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэгийн ач холбогдлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж байна.
Д.Өлзий