Б.Батчимэг: Гурав дахь үеийн мэргэн харваач болсондоо баяртай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-12 21:55:26
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ жилийн төрийн наадмын сурын харвааны хоёр ч төрөлд түрүүлсэн Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл” компанийн харваач Батбаярын Баярчимэгтэй цөөн хором хөөрөлдөв.

-Юуны өмнө нутгийн зон олныхоо өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Мэргэн харваачдын удмыг залгаж энэ спортод хөл тавьсандаа баярлаж сууна.
-Өмнө нь улсын наадмаас медаль хүртэж байгаагүй ч өнөө жил бүр хоёр төрөлд манлайллаа. Энэ хэрийн амжилт гаргана гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Өнгөрсөн жилийн улсын наадамд Б.Пансалдуламыг түрүүлэхэд бидний үе ирж дээ гэж бахархаж баярлаж байсан. Энэ жилийн наадмын өмнөхөн би УАШТ-ий ганцаарчилсан төрлийн шигшээ наймд шалгарч хүрэл медаль хүртсэн юм. Бэлтгэлээ сайн хийж, уйгагүй зүтгэж чадвал төрийн наадамд амжилт гаргах боломжтой юм байна гэдгээ эндээс мэдэрч, итгэл төрсөн гэж хэлж болно. Тэгээд буриад сурын харваанд 64 сумнаас 61 онож түрүүлчхээд халх сурын харваанд ч энэ амжилтаа бататгах юм сан гэж зорьсон. “Техникээ сайн бодож, тайван харваарай” гэж аавынхаа хэлснийг бодож алдаагаа цэгнэж байлаа.  Нэг жилийн наадмаар Ерөнхийлөгчийн зарлигийг хоёр удаа сонсож, халх, буриад сурын улсын мэргэн цол хүртэнэ гэдэг мэдээж ховор хувь заяа. Цаашид улам их хичээх урам зориг дүүрэн байна.
-Ингэхэд хэдэн настай вэ? Өөртэй чинь дүйцэх хэмжээний амжилт гаргасан харваач өөр бий болов уу?
-Би 24 настай. Надаас өөр хэн гэдэг тамирчин энэ хэрийн амжилт гаргаж байсныг хараахан судалж мэдэж амжаагүй л явна. Ямартаа ч ахмад харваачид маань тун ховор тохиолдол гэж хэлж байсан. Би 2013 онд аймгийнхаа наадмын буриад, халх сурын харваанд түрүүлж, аймгийн мэргэн цол хүртэж байлаа.
-Сүүлийн хэдэн сум тавих яг тэр үед хүчтэй салхилсан нь харваачдыг багагүй сандаргаад авах шиг болсон. Чиний хувьд хамгийн шилдэг харваачидтай цэц сорьсон болохоор амаргүй байсан байх?
-Сүүлийн дөрвөн сумаа тавих үед хүчтэй салхилсан. Төрийн далбаагаа харан салхины чигийг тогтоож харвасан даа. Миний хувьд төрийн наадамд улсынхаа шилдэг харваачидтай цэц сорих мэдээж нэр төрийн хэрэг байлгүй яахав. Олон зүйлийг бодож анхаарлаа сарниулахгүйгээр сум бүрийг алдахгүйг л хичээсэн.  Хамгийн хариуцлагатай хирнээ сэтгэл догдлуулсан үе бол сүүлийн 40 дэх сум. Шилдэг наймд шалгарсны дараа эхний сумаараа оносон ч хоёр дахийг нь арай давуулчихсан. Тэр үед нэлээд сандарсан шүү.
-Өмнө нь ямар амжилт үзүүлж байв?
-Улсын наадамд анх оролцсон жилээ буюу 2009 онд өсвөрийн ангилалд түрүүлж, өсөх мэргэн цол хүртсэн. Дараа жил нь мөнгөн медаль авсан. Ер нь 2011 оноос хойш насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байгаа.
-Аав ээж, гэрийнхэн тань төрийн наадамдаа зорьж очиж охиноо дэмжсэн гэж байсан. Алтан шар зурхай охиныг нь ивээнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ч байж магадгүй юм?
-Өмнө жилүүдэд аав ээж хоёр минь очиж амждаггүй байсан. Харин энэ жил хэд хоногийн өмнө очиж, ээж өглөө бүр цайныхаа дээжийг өргөж, аав минь сургаж чиглүүлж надаас ч илүү догдолсон.
-Анх сурын спортод хөл тавьсан үеэ дурсаач. Аав, өвөө хоёр тань улсын мэргэн цолтой харваачид шүү дээ.
-Энэ спортод найман настайдаа хөл тавьсан. Сурын спортын “А” үсгийг аав, өвөө хоёроороо заалгасан л даа. Ээж маань байт сурын харваагаар хичээллэдэг байсан. Багаасаа харваачдын дунд өсч, тэднийхээ бэлтгэл хийж буйг дэргэдээс нь харж, сумыг нь зөөж гүйсээр нум сум харвах дуртай болчихсон. Энэ жилийн улсын наадамд түрүүлснээр гурав дахь үеийн мэргэн харваач боллоо.
-Аливаа спортын амжилтын цаана дэмжлэг гэдэг чухал зүйл бий. Өнөөгийн амжилтыг бүтээлцсэн хүмүүстээ талархал илэрхийлэх боломжийг олгоё.
-Тэгэлгүй яахав. Намайг үргэлж дэмжиж ирсэн “Жем интернэйшнл” компани, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Мөн зөвхөн нутгийнх гэлтгүй алтан шар зурхайд цэц сорьж буй харваачиддаа амжилтын дээдийг ерөөе.
-Амжилт хүсье.
Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ