“Тунамал өгөөж” ХХК Манжуур хотын үзэсгэлэн худалдаанд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-15 15:31:48
Булган /МОНЦАМЭ/ МҮХАҮТ болон ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо, Манжуур хотын Ардын Засгийн Газар хамтран “Дэд бүтцийг хөгжүүлэх, хамтдаа хөгжих” зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа “Манжуур хотын олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын Экспо” арга хэмжээнд Булган аймгийн төлөөлөгчид оролцохоор мордлоо.

Монгол, Орос, Хятад 3 орны аж ахуйн нэгжүүдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаалах үзэсгэлэн худалдаанд тус аймгийн “Тунамал өгөөж” ХХК оролцоно. Тус компани “Бие тамиржуулах цай”, “Их шүүдэргэнэ” зэрэг экологийн цэвэр бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм.
Булган аймгаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Манжуур хотын олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд оролцохоор явж байна. “Нэг бүс нэг зам-Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийн Форум”, “Торгоны Замын дагуух бүс нутгуудын худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээр, уулзалт” болон урлаг соёлын арга хэмжээнд оролцох аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийг сонгосон. Мөн олон улсын энэ арга хэмжээг иргэдэд сурталчлах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулж байна гэж МҮХАҮТ-ийн Булган аймаг дахь салбарын нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл ярьлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ