ОХУ-ын тэтгэлгээр суралцах оюутнууд энэ сарын 27-нд хилийн дээс алхана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгаас 100 хувийн тэтгэлгээр ОХУ-ын Тувагийн их сургуульд суралцах эрх авсан хүүхдүүдийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан багшийнх нь хамт хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан: -“ Гадаад оронд, тэр дундаа ОХУ-д 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрх авна гэдэг та бүхний хувьд нэр төрийн хэрэг. Завхан нутгийнхаа ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө ямар ч үед шантралгүйгээр бэрхшээл бүрийг даван туулж, их гүрнээс эрдэм мэдлэг өвөртлөн ирнэ гэдэгт итгэж байна.” цаашдын сурлагад нь амжилт хүслээ.
Харин энэ үеэр Завхан аймгаас ОХУ-д суралцах эрх авсан хүүхдүүдийн сургалтыг хариуцан ажиллаж буй Улиастай сумын Дэвшил сургуулийн орос хэлний багш, Монгол Улсын зөвлөх багш, Орос хэлний улсын олимпиадын алт, мөнгөн медальт, аймгийн 17 удаагийн аварга багш Л.Оюунцэцэг: -“Манай аймгаас анх удаа ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэйгээр шавь нар маань суралцахаар болж, гэрэлт ирээдүйг нь нээж өгсөнд маш их баяртай байна. Энэ бол Завханы хүүхдүүдийг дэлхийн хүн болгох анхны шанг татсан сайхан үйл явдал боллоо. Бид их хөршийнхөө хэл, соёлыг заавал мэддэг байх хэрэгтэй” хэмээв.
Завхан аймаг гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилт тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн онд Завхан аймаг ОХУ-ын Тува улстай, энэ оны тавдугаар сард Тувагийн Их сургуультай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байна. Гэрээний дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн Завханы 10 хүүхэд ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэйгээр Тувагийн их сургуульд суралцах эрх авч элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга Салбак Монгуш батламжийг нь гардуулан өгсөн юм.
Тодруулбал Улиастай сумын Дэвшил сургуулийн 12-р ангийн сурагч М.Ууганбаатар, О.Дэмбэрэлням, Б.Алтанбагана, Б.Хашбат, Б.Машбат, Д.Мөнх-Эрдэнэ, Улиастай сумын “Жавхлант” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Э.Нямдорж, О.Налжирмаа, Н.Алтантогос нар Тувагийн Их сургуульд суралцахаар болжээ. Оюутнууд наймдугаар сарын 27-нд хилийн дээс алхах бөгөөд Дэвшил сургуулийн Орос хэлний багш Л.Оюунцэцэгийн удирдлага дор “Зав-Русь” орос хэлний төвд тусгай хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж байгаа юм. Түүнчлэн Завхан аймгаас БНХАУ-ын Шэньси мужийн Их сургуулийн докторт нэг, магистрт нэг оюутан суралцах бөгөөд цаашид ч ОХУ, БНХАУ, Тайвань зэрэг хамтын ажиллагаатай улс орнууддаа оюутан, төрийн албан хаагчдыг суралцуулахаар төлөвлөөд буй ажээ.
Б.Мягмарсүрэн