“Есдүгээр сарын шилдэг тамирчин”-г тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-10 09:08:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос энэ оны наймдугаар сараас тухайн сард өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн спортын тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах зорилгоор "Сарын шилдэг тамирчин" тодруулж байгаа билээ.

2071 оны наймдугаар сард олгосон анхны шагналыг Парис хотноо зохион байгуулсан чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн П.Орхон болон Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлж алтан медаль хүртсэн Д.Сумъяа нарт олгосон.

Харин өнгөрсөн есдүгээр сард манай тамирчид Азийн танхимын болон тулааны спортын наадмаас нийт 30 медаль хүртсэн. Тухайлбал,  А.Мөнхцэцэг бүст барилдаан болон туркмен үндэсний бөхийн төрөлд нийт 3 алтан медаль, нэг мөнгөн медаль тус тус хүртсэн бол Ц.Батцэцэг, М.Анхцэцэг нар энэ наадамд үзүүлсэн амжилтаараа сарын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.

Мөн чөлөөт бөхийн Армийн ДАШТ-ий аваргууд болсон П.Орхон болон Г.Отгонжаргал нарын нэр дэвшжээ. Шатрын спортын өсвөрийн дэлхийн аварга цолыг 13 настайдаа хүртсэн Д.Батсүрэн, мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёд түрүүлсэн Их аварга Харумафүжи Д.Бямбадорж болон Оюутны дэлхийн аварга болсон 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг болон үндэсний хөлбөмбөгийн лигт 3 дахь жилдээ дараалж түрүүлсэн Эрчим багууд нэр дэвшээд байгаа юм.

"Сарын шилдэг тамирчин" -г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулдаг.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ