Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-16 14:49:41
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан түүний нэрэмжит “Хөх үндэстний гал” яруу найргийн наадмыг өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа.
Их зохиолчийн номын нэрээр нэрлэсэн уг наадмыг “Пүрэвдорж” сан, “Мөнхийн үсэг” групп, Өвөрхангай аймгийн Бүрд сумын ЗДТГ хамтран төрсөн нутаг болох Бүрд суманд зохион байгуулсан юм. Наадмын ерөнхий шүүгчээр соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв ажиллаж, хүндтэй зочдоор ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат, "Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо, МЗЭ-ын шагналт зохиолч З.Ядмаа, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Даваадаш нарын уран бүтээлчид оролцсон байна.
Нийт 7.5 сая төгрөгийн шагналын сантай энэхүү яруу найргийн наадмын  тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш эзэлжээ. Харин  Б.Болорцэрэн, Ч.Ууганбаяр, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, Монголын радиогийн сэтгүүлч С.Гэндэнсүрэн нар удаахь эзэлжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ