Бельги рүү зугтсан Каталонийн удирдагч шүүхэд дуудагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-01 09:37:46
МАДРИД. /Ройтерс/. Бельги рүү зугтсан Каталонийн удирдагч Карлес Пьигдемонд эх орондоо буцаж ирж, мэдүүлэг өгөхийг Испанийн шүүх үүрэг болгожээ. Энэ долоо хоногийн баасан гарагаас хэтрэлгүй Мадридад ирж мэдүүлэг өг гэж К.Пьигдемон болон Каталони мужийн нөлөө бүхий 13 албан тушаалтанд Испанийн шүүх мягмар гарагт мэдэгдсэн байна.

Дангаар тусгаар тогтнолоо зарласантай нь холбогдуулан Испанийн шүүх Каталони мужийн өөртөө засах эрхийг түдгэлзүүлж, удирдагчдыг нь огцруулах шийдвэр гаргасан билээ. Үүний дараа К.Пьигдемон тэргүүтэй албаны хүмүүс Бельги руу зугтсан юм. К.Пьигдемон өчигдөр Бельгид сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Би Каталонийн тэргүүн хэвээр байгаа” гэжээ.

Испанийн прокурорууд Каталонийн удирдагчдыг Үндсэн хууль зөрчин бүх нийтийн санал асуулга явуулсан, бослого дэгдээсэн, төсвийн мөнгийг хууль бус санал асуулга явуулахад зарцуулсан зэрэг хэргээр яллахаар төлөвлөж байна. Тэднийг шүүх гэм буруутай гэж үзвэл 30 хүртэлх жилийн хорих ял оноох аж.

Хэрвээ заасан хугацаанд ирэхгүй бол Испанийн холбогдох албаны хүмүүс Бельгийн талтай хамтран ажиллаж Каталонийн удирдагчдыг баривчилж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

К.Пьигдемон тэргүүтэй хүмүүсийг баривчилбал Каталонид тусгаар тогтнохыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн дэгдэж болзошгүй.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ