ТОЙМ: Сангийн сайд суудалдаа үлдсэн ч Төсвийн тодотголд хориг тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-05 17:13:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлууд өнгөрөгч долоо хоногт “хориг” болон “төсөв” гэсэн үгсээр баялаг байлаа. Тодруулбал Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг УИХ хүлээж авахгүйгээр шийдвэрлэн эцэслэснээр 2018 оны Төсвийн хэлэлцүүлэг гараанаас гарсан юм. Гэтэл баасан гарагт Ерөнхийлөгч 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьж буйгаа мэдэгдэж “гэнэтийн бэлэг” барив. Ингэснээр хоригийн талаар шийдвэр УИХ-аас гарах хүртэл Тодотголд тусгасан санхүүжилт, хөрөнгө оруулалт хэрэгжихгүй болж байна. Харин өнгөрсөн долоо хоногт өрнөсөн сайн мэдээ нь, эгнээндээ 28 гишүүн орныг нэгтгэсэн Европын холбоо манай улстай байгуулсан “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” хэрэгжиж эхлэн, Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээх болсон тухай байв. Ингээд улс орон, тэр дундаа улс төрийн хүрээнд өрнөсөн гол үйл явдлыг тоймлон хүргэж байна. 



ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР САНГИЙН САЙДАА АВЧ ҮЛДЛЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 26-нд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан. Шалтгаан нь, Сангийн сайдад томилогдсон Ч.Хүрэлбаатарыг дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн төлөөлөл гэж үзсэн бөгөөд төрийн албан хаагчдад 300.000 төгрөг олгохыг буруутгаж, эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тараадаг сайдтай байж болохгүй гэсэн юм.
Ингээд уг хоригийг УИХ хүлээж авах эсэхийг шийдвэрлэх асуудал эхэлж, бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэн байр сууриа нэгтгэв. УИХ дахь МАН-ын бүлэг хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн бол АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихээ мэдэгдсэн. Улмаар Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаж, хоёул “хоригийг хүлээж авах боломжгүй” гэж үзсэн.  
Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс дэмжсэн, буруутгасан олон байр суурь гарч байв. Тухайлбал өмнөх Засгийн газарт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандан нэрээ татахыг санал болгоод, хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн худлыг нь тогтоолгосны дараа сайдын албан тушаалдаа эргээд очиж болно гэлээ. Тэрбээр мөн Ч.Хүрэлбаатар сайдын ах нартай холбоотой лиценз эзэмшсэн, борлуулсан баримт байгаа хэмээсэн бол Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд лиценз наймаалсан гэх баримтуудыг гаргаж ирж байв. Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат уул уурхайтай холбоотой нөхдүүдийг төрөөс цэвэрлэх шаардлагатай байхад УИХ чадамжгүй байна хэмээн шүүмжлээд хэрэв энэ хэвээрээ байвал өөрийн бланк дээр УИХ-ыг тараах санал гаргана гэсэн үг ч чулуудаж байлаа. 
Харин зарим гишүүд тодорхойгүй, баталгаагүй баримтаар хүнийг шүүж байгаа нь туйлын буруу, томилгоонд хориг тавьж байсан тохиолдол өмнө нь байгаагүй, Төсөв хэлэлцэх цаг тулсан энэ үед шүүхийн ажлыг УИХ хийж байгаад ард түмнээсээ ичиж, хоёр хөрш орон болон гадаад улсуудаас санаа зовж байна гэх зэрэг байр суурь хэлж байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  "Би өмч хувьчлалаас амбаар ч аваагүй, төсвийн мөнгөөр нэг ч концесс аваагүй. Төрийн банк, Хөгжлийн банк, Чингис бондоос нэг ч төгрөг аваагүй. Нэг ширхэг лиценз эзэмшээгүй, зарж наймалцаагүй. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийг Гурван талт хэлэлцээрийн дагуу зөвшилцөөд  шийдвэр нь гарсан. Сангийн сайдад нэр дэвшсэн, Сангийн сайд болсон хугацаанд намайг дэндүү гүтгэж байна. Хууль шүүхээр шалгуулж болно" хэмээн тайлбарлаж байсан юм.
Эцэст нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийн асуудлыг хэлэлцэж, хуралдаан оролцсон гишүүдийн 91.7 хувь нь "Хоригийг дэмжихгүй" гэж санал өгснөөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан тушаалдаа хэвээр үлдлээ.



2018 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАХАД АЖЛЫН 8 ХОНОГ ҮЛДЭВ

Даваа гарагт 2018 оны Төсвийг УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн Ерөнхийлөгчөөс Сангийн сайдад тавьсан хоригийг шийдвэрлэх шаардлагатай болж, МАН-ын бүлэг Төсвийн хэлэлцүүлгээр тав хоногийн завсарлага авсан юм. МАН-ын бүлэг төсвийн асуудлаар нягтлах зүйлс байна хэмээн завсарлагаа тайлбарлаж байсан ч үнэн хэрэгтээ Сангийн сайдыг авч үлдэх эсэх талаар 65 гишүүн хоёр хуваагдсантай холбоотой гэж зарим судлаачид хэлж байв. Нөгөөтэйгүүр Сангийн сайдын албан тушаал ганхаж байх үед Төсөв хэлэлцэх нь зохимжгүй ч гэж үзсэн байх магадлалтай. 
Ингээд хоригт “хоригдсон” байсан 2018 оны Төсөв пүрэв гарагт Сангийн сайдын асуудлыг шийдвэрлэж, албан тушаалдаа хэвээр үлдсэний дүнд хэлэлцүүлэгт шилжсэн юм. Тодруулбал МАН-ын бүлэг авсан байсан тав хоногийн завсарлагаа цуцалж, төсвийн хэлэлцүүлгийг эхлэх бололцоог олгов.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны Төсвийн төслийг танилцуулахдаа “2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөсөн, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ, газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоож төсөвт 36 тэрбум төгрөг төвлөрүүлнэ, 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ, Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдана, 2018 онд Боловсролын зээлийн санд нийт 118.9 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 75.0 тэрбум нь оюутны хөгжлийн зээлд зарцуулна. Цалинтай ээж хөтөлбөрт 72.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсантай холбогдуулан 44.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс Тэтгэврийн санд шилжүүлсэн” зэрэг мэдээлэл өгсөн.

Ирэх оны Төсвийн төсөлд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн:

  • Тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд 231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь,

  • Нийт зарлага 9 их наяд 651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь,

  • Нийт алдагдал хоёр их наяд 420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд байхаар тусгажээ.

УИХ дахь АН-ын бүлгийн тухайд 2018 онд өр нэмэхгүй байхыг шаардаж ажиллахаа илэрхийлсэн. Өмнөх Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1 их наяд төгрөгөөр өр нэмсэн, хэрэв цаашид энэ байдлаараа нэмбэл 4 жилийн дараа 4 их наяд төгрөгийн өртэй болох нь хэмээн бүлгийн дарга нь ярьж байв.
Үүгээр ирэх оны Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт дууслаа. Хуулийн дагуу Төсвийг 11 дүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой бөгөөд хэрэв хугацаандаа амжихгүй бол УИХ тарах хариуцлагатай. Харин одоо УИХ-д ажлын найм хоногийн хугацаа үлдээд байна. 



ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН ХОРИГ ТАВЬЖ 2017 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ "ГАЦААВ"

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гарагт Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавилаа. Тэрбээр, Төсвийн тодотголд ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн, Нийгмийн даатгалын сангийн төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлсэн. Энэ нь төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцсонтой холбоотой. УИХ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж батлахдаа Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж өөрт хуулиар олгодсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьж байна хэмээсэн юм.
Ерөнхийлөгч ийнхүү хориг тавьснаар 2017 оны Төсвийн тодотгол "хоригдоод" байна. Өөрөөр хэлбэл тодотголд тусгасан санхүүжүүлэлт, хөрөнгө оруулалтууд түр хугацаагаар зогсох шаардлагатай болж байгаа юм. УИХ-ын шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж 2017 оны Төсвийн тодотгол хэрхэн хэрэгжих нь шийдэгдэх боллоо.



БЭЛЭН МӨНГӨ ТАРААХ, ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ  НЭМЭХ АМЛАЛТАА
ЭРГЭН ХАРАХЫГ ЗӨВЛӨВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт ОУВС болон Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзалт хийсэн нь олон улсын анхаарлыг татсан юм.  Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчид  Жеймс Андерсонтой хийсэн уулзалтаар Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хуралдааны товыг урагшлуулах санал тавьсан. Уг саналыг судалж үзэн, эргэн танилцуулахаа суурин төлөөлөгч хэлсэн юм. Мөн Дэлхийн банк цаашид ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Засгийн газар бага орлоготой болон ядуу иргэддээ чиглэсэн тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг хүсч, бэлэн мөнгө тараах, тэтгэврийн хэмжээг  нэмэх амлалтаа эргэн харах нь зүйтэй гэж Дэлхийн банк үзэж буйг илэрхийлсэн.
Харин ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нартай хийсэн уулзалтаар төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулан, Засгийн газрын бонд гаргахаас зайлсхийж,  аль болох давсан орлого, нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн юм. Ерөнхий сайд томилогдсоныхоо дараахан ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэнээр өнгөрсөн зургаадугаар сараас хойш зогсонги байдалд орсон хөтөлбөр хэвийн үргэлжилж, донор орнууд болон хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгох болсныг ОУВС-гийнхан тодотгож байлаа.
Дашрамд дурдахад, ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал ирэх сард товлогдоод байгаа бөгөөд хурлаар "Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр"хөтөлбөрийн 1,2 дугаар шатны тайланг хэлэлцэх юм. Уг хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирах магадлалтай гэж эдийн засгийн шинжээчид дүгнэж байна.



МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ АЛБАНЫ ТҮҮХЭНД
ТЭМДЭГЛЭГДЭХ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО

Европын холбоо-Монгол Улсын хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр өнгөрөгч долоо хоногийн лхагва гараг буюу 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Ингэснээр нийт 28 орныг гишүүндээ нэгтгэсэн Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ерөнхий хүрээ, эрх зүйн үндсийг бүрдүүлж, улс төр, эдийн засаг, салбарын хамтын ажиллагааг өргөн хүрээнд бэхжүүлэх боломжтой болов. Мөн пүрэв гарагт Европын холбооны Төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо байгуулах гэрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр ЕХ-Монгол Улсын харилцаа шинэ шатанд гарч байгааг талууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрөв.

“Монголын дипломат албаны түүхэнд чухал арга хэмжээ болж, ЕХ-ны Элчин сайдын яам Монголд албан ёсоор нээгдэх болж байна. Энэ бол олон жилийн, олон үеийн дипломатуудын хүч хөдөлмөр, хоёр талын хүсэл эрмэлзэл, хүчин чармайлтын дүнд өнөөдрийн үр дүн” хэмээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ үеэр тодотгож байсан юм.
Сонирхуулахад, Европын холбоонд бүртгэлтэй орнуудад Австри, Бельги, Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони зэрэг орнууд багтаж байна.



МАХН-ЫГ ЦААШИД Н.ЭНХБАЯР УДИРДАХ УУ?

Өнгөрөгч долоо хоногт МАХН-ын Бага хурлын гишүүд намын даргынхаа үйл ажиллагаа шүүмжилж, намын Их хурлыг ирэх 12 дугаар сард зарлан хуралдуулахаар болсноо мэдэгдэн хэвлэлд хандсан юм. Гишүүдийг төлөөлж МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн намынхаа дарга Н.Энхбаяр болон Гүйцэтгэх товчооны гишүүдийг дүрэм журмаа зөрчсөн олон үйлдэл хийж, хэдхэн хүнээр хүрээлүүлэн ажиллаж байна хэмээн шүүмжилж, 2011 онд Онц их хурал хийснээсээ хойш намын даргадаа баригдаж, хоригдож, зовлонтой цаг хугацааг туулсан гэдгээ хэлж байв. Мөн тус намынхан ээлжит бус Бага хурлынхаа дахин зарлаж хуралдуулан 120 гаруй гишүүн оролцож, Их хурлаа ирэх 12 дугаар сард багтаан зарлах шийдвэр гаргасан гэлээ. Хэрэв тус намын Их хурал 12 дугаар сард болбол намын даргын асуудлыг хөндөж, дараагийн даргаа сонгох болон дотоод дүрэм журам, гүйцэтгэх байгууллагын бүтцийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.



ОЛИМПИЙН МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА Д.СУМЪЯА
“ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ” БОЛЛОО

Спортын салбарын хувьд нэгэн сайхан үйл явдал болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жудоч Д.Сумъяад төрийн дээд Хөдөлмөрийн баатар цол олгосон юм. Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяа нь 26-хан настай ч Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний 3 удаагийн аварга билээ.
Абу Дабид болсон Их дуулга тэмцээнээс алт, 2017 онд Будапештэд болсон ДАШТ-аас хүрэл медаль хүрсэн Ганбаатарын Одбаярт мөн энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн юм.

*******

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн гол үйл явдлыг тоймлоход ийм байна. Харин ирэх долоо хоногт улс төрийн хувьд хоригт "хоригдсон" 2017 оны Төсвийн тодотголоо шийдвэрлэх буюу Ерөнхийлөгч, УИХ-ын ойлголцлыг бий болгох, 2018 оны Төсвийн хэлэлцүүлгийг яаравчлах ажил хүлээж байна. Үүнээс гадна ирэх долоо хоногт болох МҮЭХ-ны Их хурлаар тус байгууллага шинэ ерөнхийлөгчөө сонгохоор зэхэж байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн байгаа юм. Мөн хэд хэдэн удаа хойшилж, удаашраад байгаа НИТХ-ын ээлжит хуралдаан ирэх долоо хоногт дахин товлогдсон бөгөөд хэрэв хуралдвал НИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож томилох юм.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ