Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах асуудлыг Засгийн газар шийдэхгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-16 14:41:42

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн иргэдээс ирүүлсэн өргөдөлтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сум, бусад аймаг, сумын оршин суугчдаас Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан, ургамалтай байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүсч 1059 тооны өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүдэд ирүүлжээ. Ямарваа нэг асуудлаар 1000-аас дээш өргөдөл ирсэн тохиолдолд мэдээлдэг журмыг барьж уг хэвлэлийн бага хурлыг хийж байгаа гэдгийг О.Баасанхүү гишүүн онцлов.

Өргөдлийн байнгын хороо тэдгээр өргөдлийг хүлээн авч танилцаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өнгөрөгч 7 дугаар сарын 7-ны өдөр хандсан. Үүний дагуу 8 дугаар сарын 17-ны өдөр ЗГХЭГ-аас албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд уг бичигт Тост, Тосон бумбын нуруу болон нэр бүхий 7 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулахаар судалж, үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж буйгаа мэдэгджээ. Ийн мэдэгдсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ аваагүй учир энэ асуудлыг ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ гэж тэрбээр мэдээлсэн юм.

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороонд Гэр бүлийн хуультай холбоотой өргөдөл олноор ирсэн байна. Тухайлбал, жилд 9000 залуу хос гэрлэлтээ батлуулдаг ч 3000 нь салдаг. Үүнээс үүдэн хүүхдийн мөнгө төлдөггүй гэх гомдол их иржээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ажлын хэсэгт тодорхой санал хүргүүлж байгаа аж.  Нэгдүгээрт хүүхдийн мөнгөө өгдөггүй эцэг эхчүүдийг албадан хөдөлмөрлүүлж, мөнгийг нь хүүхдүүдэд нь олгох, хоёрдугаарт гэр бүлийн тогтворгүй этгээд гэсэн нэр томъёог гаргаж, торгууль оногдуулдаг саналыг хүргүүлж байгаа гэнэ.

“Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёонд гурав болон түүнээс дээш тооны хүнтэй гэр бүл зохиож байгаа хүнийг хамааруулж, улс төрийн болон төрийн албан тушаал хашихыг хориглох саналаа хүргүүлж байгаа гэж гишүүн ярьлаа.

Б.Туул 

Холбоотой мэдээ