Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францад айлчлахаар мордлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-17 10:38:31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийхээр мордлоо.

Энэхүү айлчлал нь Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жил хэрэгжиж буйгаараа онцлог юм. Парис хотноо болсон цуврал террорист халдлагын дараа хэрэгжиж буй Гадаад орны анхны төрийн тэргүүний айлчлал бөгөөд террорист халдлага болсноос үл шалтгаалан айлчлалыг төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлэхээр талууд ярилцан тохиролцсоны дагуу энэхүү айлчлал хэрэгжиж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийх айлчлал нь Монголын ард түмэн Францын ард түмэнтэй хамт, эв нэгдлээ илэрхийлж буй төдийгүй, дэлхий нийтийн үнэт зүйлсийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт байгаагийн илрэл юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргана. Боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны найман баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхана. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын Бизнес форумыг нээж үг хэлэхээс гадна Францын хөдөө ахуй болон соёлын байгууллагуудын төлөөлөлтэй уулзана.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудын 21 дүгээр чуулганы Өндөр хэмжээний арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр Парис хотноо болох бөгөөд энэхүү арга хэмжээнд АНУ, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн 120 гаруй орны Төрийн тэргүүн нар оролцох юм.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн “Эх дэлхийн манлайлагч” шагналаар 2012 оны 6 дугаар сард шагнуулсан, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгойлон анхаарч ирсэний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уг арга хэмжээнд тусгайлан оролцохыг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Ф.Олланд албан ёсоор урьсан юм.

Холбоотой мэдээ