Дмитрий Медведев одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгогдохыг дэмжинэ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-01 15:22:37
Москва /МОНЦАМЭ/.ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин нэр дэвшвэл бүх талаар дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр “Дмитрий Медведевтэй ярилцъя” уламжлалт шууд нэвтрүүлэгт оролцож, энэ оны ажлаа дүгнэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
Арав дахь жилдээ болж буй энэхүү нэвтрүүлгийн үеэр ОХУ-ын “Первый канал”, “ВГТРК”, ”НТВ”, Дождь”, ”РБК” зэрэг сувгийн 5 хөтлөгч ОХУ-ын Засгийн газрын тэргүүнтэй 1 цаг 30 минутын турш ярилцав.
Энэ хугацаанд сэтгүүлчид Дмитрий Медведевээс улс төр, эдийн засаг, нийгэм, спорт болон түүний хувийн амьдралын тухай 30 гаруй асуултад хариулт авсан юм. 
Улс орны эдийн засаг хямралаас бүрэн гарсан хэмээн үзэж буйгаа Дмитрий Медведев энэ үеэр онцлов. Тэрбээр “нефтийн үнийн уналт, ОХУ-ын эсрэг хоригийг үл харгалзан манай улсын эдийн засаг өсч байна. ЗХУ-аас хойш инфляци хамгийн бага буюу гурван хувьтай байна. Ирэх оны нэгдүгээр сард тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг 3,7 хувиар нэмэхээр төсөвлөсөн. Улс орон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа” хэмээв.  
Түүнчлэн шинэ жилийн босгон дээр рублийн ханш огцом буурдаг уламжлал энэ онд давтагдахгүйг ОХУ-ын Засгийн Газрын тэргүүн онцлов.
Сэтгүүлчид ОХУ-ын шигшээ багийг тойрсон допингийн асуудлыг тодруулахад тэрбээр ”Бид хэзээд допингийн эсрэг байдаг. Гэвч энэ төрлийн асуудал манай улсад огт байдаггүй гэвэл худал. Харин Сочигийн өвлийн Олимпийн хувьд манай тамирчид шударга өрсөлдөж гайхалтай амжилт гаргасан. Тэднийг допинг хэрэглэсэн хэмээн буруутгаж буй нь улс төрийн шинжтэй, ОХУ-ын эсрэг авч буй ээлжит хориг гэж би харж байна” гэв.
Харин ирэх оны гуравдугаар сарын 18-ны өдөр болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тухайд тэрбээр “Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тун удахгүй тодорхой болно. Владимир Путин бол сайн Ерөнхийлөгч. Хэрвээ тэр ирэх сонгуульд дахин өрсөлдөхөөр шийдвэл түүнийг би болон манай нам бүх талаар дэмжинэ. Харин миний хувьд одоогийн хийж буй ажил маань надад таалагддаг. Тиймээс ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолгүй байна” хэмээв.
Л.Нандиа
 
 
Холбоотой мэдээ