Визгүй зорчих хугацааг цуцалсан нь АСЕМ-ын аюулгүй байдалтай холбоотой

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-18 13:07:15

Гадаадын 42 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих хугацааг дахин сунгахгүй дуусгавар болгож буй нь АСЕМ-ын аюулгүй байдлыг хангах зорилготой гэв. 

2014-2015 онд Монгол Улсын Засгийн газраас зарласан Эдийн засгийн идэвхжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гадаадын 42 орны иргэдийг визээс түр чөлөөлөх шийдвэр гарч байсан. Гэвч уг шийдвэрийг энэ оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болгох шийдвэр гарсныг ГХЯ-наас өчигдөр мэдээлсэн. Харин уг шийдвэр нь ирэх 2016 онд манай улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор гарсан гэдгийг ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин мэдэгдэв.

Тэрбээр мөн “42 орныг визээс түр чөлөөлөх шийдвэрийг анх гаргахад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой гэж төлөвлөж байсан. Гэхдээ үүний үр дүнд аялал жуулчлал нэмэгдсэн гэх үзүүлэлт гарахгүй байна. Харин ч манайд жуулчилсан иргэдийн тоо энэ оны 10 сарын байдлаас харахад өмнөх оноос 26 хувиар буурсан байгаа юм. Тиймээс энэ шалтгаанаар болон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор ч уг хугацааг сунгахгүй дуусгавар болгож байна” гэв. Түүнчлэн дээрх 42 улсаас манай улсын иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх талаар санаачлага гараагүй юм. Тиймээс Монгол Улс уг шийдвэрийг энэ оноор төгсгөл болгож байна. 
Харин уг шийдвэр нь дээрх 42 орноос бусад манай улстай харилцан визгүй зорчдог ОХУ, БНХАУ, БНКзУ, БНТУ гэх мэт улс оронд хамрахгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дипломат албан паспорттой иргэд 46, энгийн паспорттой иргэд 18 улсад визгүй зорчиж байна. 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ