Канад сөнөөгч онгоцуудаа буцаан татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-20 11:31:14

МАНИЛА. /NHK/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй агаарын цохилтын эвслийн ажиллагаанаас сөнөөгч онгоцуудаа буцаан татна гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад мэдэгдэв.

Филиппинд болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтын үеэр Трюдо Обаматай уулзахдаа ингэж мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд оролцохоор Канад Сири рүү зургаан сөнөөгч онгоц илгээсэн билээ. Гэвч Трюдо бүх нийтийн сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр сөнөөгч онгоцуудыг буцаан татна гэж амласан байна.

Трюдо, Обама нар анх удаагийн уулзалтынхаа үеэр ямар асуудал хэлэлцсэн тухайгаа сэтгүүлчдэд мэдэгджээ.

Канад “Лалын улс”-тай тэмцэх эвслийн хүчирхэг гишүүн хэвээр үлдэж, улам ихийг хийх болно гэж Трюдо мэдэгдэв. Мөн тэрбээр Обамад, босогчдын бүлэглэлтэй тэмцэх хүчнийг бэлтгэх амлалтаа Канад эрчимтэй хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ.

Харин Обама шинэхэн сонгогдсон Ерөнхий сайдтай босогчдын бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн тухайгаа онцолсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ