“Нэг өдрийн цагаан дарь эх” бурхан бүтээх үйл болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2018-02-23 15:35:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны энэ өдөр Богд хааны ордон музейд “Цагаан дарь эх” сэдэвчилсэн үзэсгэлэн болон “Нэг өдрийн цагаан дарь эх” бурхан бүтээх зан үйл болов.

VIII Богд Жавзандамба хутагтын үед сар бүрийн шинийн энэ өдөр анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын тигээр нар мандахаас жаргах хүртэлх хугацаанд Цагаан дарь эх бүтээдэг уламжлалтай. Уг зан үйл нь 1924 оныг дуустал үргэлжлээд тасарсан байна. Иймд Богд хааны ордон музейгээс уг зан үйлийг 2013 оноос дахин сэргээснээс хойш  өдгөө 6 дахь жилтэйгээ золгож байна.


Буман ханд холбооны тэргүүн Ч.Гүнзээ уг үзэсгэлэнг нээж “Цагаан дарь эх”-ийн магтаалыг уншсан бөгөөд уг магтаалыг олон хүний нас уртасч, буян заяа нь дэлгэрч байгаасай гэж ерөөн уншдаг аж. Энэ удаагийн үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгөөсөө урьд өмнө олны хүртээл болгож байгаагүй 52 ширхэг Цагаан дарь эхийн үзмэрийг гарган үзүүлэх ба маргаашнаас эхлэн ирэх сарын 12-ныг хүртэл үнэ төлбөргүй олон нийтэд сонирхуулах юм.


Харин Цагаан дарь эхийг эртний уламжлалын дагуу даавуун дээр зурж цардан байгалийн шороон будгаар буддаг байна. Нэг өдрийн цагаан дарь эхийг бүтээхийн учир нь цагаан сарын шинийн 8-нд тамын хаалга хаагдаж Цагаан дарь эх, Манал зэрэг бурхад замбуутивд залардагтай холбоотой. Мөн энэ хүрээнд “Цагаан дарь эх оршвой” нээлттэй илтгэл хэлэлцүүлгийг ирэх сарын 4-нд тус музейн хурлын танхимд болох гэж буй нь энэ удаагийн үйл ажиллагааны онцлог юм.


Цагаан дарь эх бүтээх зан үйлийг  Соёлоор гийгүүлэхүй ТББ, Цаглашгүй гэрэлт төв, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн Урлахуй ухааны тэнхимийн хамт олон, Гурван шүтээн бурхан урлалын төв, МУИС-ийн Философи, шашин судлалын танхим, Буман ханд эмэгтэйчүүдийн холбоо, СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн дээд сургуулийн Монгол зургийн тэнхимийн багш, оюутнууд хамтран зохион байгуулав.
Д.Сарантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ