Москва дахь оюутнууд хүчирхийллийн эсрэг жагсаалд нэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-04-03 12:59:54
Москва /МОНЦАМЭ/. Москва хотод сурч буй оюутан залуус хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” тайван жагсаалд дуу хоолойгоо нэгтгэлээ.
 
Энэ сарын 1-ний өдөр ОХУ дахь Монгол оюутны холбоо /МОХ/-ны санаачилгаар “Хүүхдийн хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээе” уриан дор оюутан залуус нэгдэн тайван жагсаал зохион байгуулав. Москвагийн төв Шинэ Арбат гудамжинд болсон жагсаалд ОХУ-д сурч буй 2000 залуусын төлөөлөл болсон 30 гаруй оюутан оролцсон юм.
 Энэ үеэр хүчирхийллийг зогсоох хамгийн үр дүнтэй арга бол ирээдүй хойч үеийн зөв хүмүүжил болохыг жагсаалд оролцогчид онцолж байв.
 “Хүчирхийлэл үйлдэх эсэх нь тухайн хүний ёс суртахуун, ухамсар, соёлтой шууд холбоотой. Гадаад улсад амьдарч, суралцсан залуус хүчирхийлэл үйлдсэн нь харьцангуй бага болов уу? Учир нь гадны соёл, тэр тусмаа барууны соёл хүчирхийллээс ангид байдаг. Аль ч төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамгийн хялбар арга бол нийгмийн идэвхтэй хэсгийг хамарч буй хүүхэд залуусын сэтгэлгээнд хүчирхийлэл үйлдэж болохгүй гэх ухамсрыг суулгаж явдал юм. Өнөөгийн нийгэмд хүчирхийлэл үйлдэж буй 30 -50 насныхан дийлэнх байгаа бөгөөд эдгээр ухамсаргүй адгуус шиг хүмүүсээс болж олон хүүхэд, эмэгтэйчүүд золиос болж байна. Бид үе үеийн дүү нараа, цаашлаад өөрсдийн хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж чадах юм бол аюулгүй нийгмийг цогцлоож чадна” хэмээн ОХУ дахь МОХ-ны ерөнхийлөгч Б.Зориг ярилаа.
Л.Нандиа
 
 

Холбоотой мэдээ