Аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:27:43

Дархан-Уул аймагт жил бүр уламжлал болон явагддаг өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Спортын ордонд нээлтээ хийв.

Тэмцээнд тус аймгийн бүх сумын ерөнхий боловсролын сургуулиудаас 17 багийн 250 орчим тамирчин сурагчид хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдөхөөр хуран цугларчээ.

Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга А.Энхболд, Засаг даргын орлогч Б.Мөнхбат, НХХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Тунгалагтамир, БТСГ-ын дарга О.Банзрагч нарын албаны хүмүүс оролцлоо. Мөн үеэр 21 аймгийн дунд зохион байгуулагдсан Сагсан бөмбөгийн " Үндэсний цом-2015" тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн Дархан хотын баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ. Уг тэмцээнд аймаг бүрийн шигшээ багууд цомын төлөө Спортын төв ордонд тав хоногийн турш өрсөлдөхөд тус аймгийн баг багаараа тэргүүн байр эзэлжээ.

Дархан-Уул аймгийн багийг саяхан төрөлх нутагтаа "Бага олимп"-ийг зохион байгуулсан Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар ахлаж ОУХМ Д.Гүржав дасгалжуулж ОУХМ  Г.Ихбаяр багийн ахлагчаар оролцож бахдам амжилт гаргажээ. Тус баг тамирчдад аймгийн Засаг даргын шагнал "Найрамдлын Дархан" тэмдэг, аймгийн "Тэргүүний ажилтан”, Засаг даргын "Жуух бичиг"-ээр шагнасныг гардууллаа.

                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ