Санкт-Петербургийн эдийн засгийн форумаар 550 орчим гэрээ хэлэлцээр хийв

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-05-29 00:29:36
Москва /МОНЦАМЭ/. Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXII форумаар 2,3 их наяд рублийн 550 орчим гэрээ хэлцээр хийв.Энэхүү форум нь зөвхөн бизнес эрхлэгчдэд зориулсан талбар байсан бол сүүлийн жилүүдэд улс төрд томоохон нөлөө үзүүлдэг арга хэмжээ болсон билээ.
Энэ удаагийн форумд АНУ-аас хамгийн их буюу 550 орчим төлөөлөл, бизнес эрхлэгч оролцсон нь хоригоос үл хамааран ОХУ-д хөрөнгө оруулах сонирхолтой байгаагийн илрэл хэмээн ОХУ-ын шинжээчид үзэж байна.
 Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй 140 гаруй орны 17 мянган зочин төлөөлөгч оролцсон энэ удаагийн форумын үеэр бизнесийн салбарт хийсэн томоохон гэрээ хэлцээрүүдийн нэг ОХУ болон БНХАУ-ын үүрэн телефоны операторууд ОХУ-д 5G технологийн хөгжүүлэхэд хамтран ажиллах тохиролцоо байлаа.
 Түүнчлэн ОХУ-ын “Росатом” корпараци тэрбум ам.долларын уран нийлүүлэх цогц гэрээ байгуулж, Японы “Фукушима”-ийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс үүссэн нөхцөл байдалд туслалцаа үзүүлэхээр болов. 
Мөн үеэр ОХУ, Япон Улсын шуудангийн байгууллагууд ОХУ-аар транзит тээвэрлэлт хийх хэлэлцээр байгуулж ОХУ-ын “Сбербанк” , Японы ”Олон улсын банк” тоног төхөөрөмжийн импорт, экспортын зээлийг иенээр олгох гэрээнд гарын үсэг зурсан юм. 
ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Сангийн сайд А.Силуанов “Ирэх 6 жилд бид татвар нэмэхгүй, харин татварын системийг бизнест ашигтай байдлаар өөрчилнө. Юун түрүүнд жижиг, дунд бизнесийн татварыг хөнгөвчилж, хяналтыг сайжруулна” хэмээсэн бол шинэхэн Эрүүл мэндийн сайд В.Скворцова “Хэрэггүй зардлаа танан, үр дүнтэй зарцуулалт хийвэл эрүүл мэндийн салбарт төсөвлөгдсөн мөнгө хүрэлцэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. 
Харин ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны сайд М.Котюков шинжлэх ухааны салбар залуу боловсон хүчин, их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа дулимаг байгааг онцоллоо.
Л.Нандиа

Холбоотой мэдээ