ШУТИС-д элсэгчдийн бүртгэл ирэх сарын 01-нээс эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-27 10:41:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 01-нээс эхэлнэ.
 
БСШУСЯ-наас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох стандартад нийцүүлэн сургуулийн  ТУЗ-өөс баталсан хяналтын тоонд  багтаан ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт намар, хаврын улиралд тус тус оюутан элсүүлэн суралцуулах юм. Улаанбаатар хотоос ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт намрын улиралд элсэхийг хүсэгчид  ирэх сарын 01-04-ний хооронд, хаврын улиралд элсэхийг хүсэгчид 2019 оны нэгдүгээр сарын 04-18-ны хооронд элсэлтийн бүртгэлийн www.elselt.edu.mn, www.must.edu.mn вэб хаягаар  бүртгүүлнэ.
 
Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум /МИДСК/ зохион байгуулах юм.  Аймаг, орон нутгаас ШУТИС-д элсэн суралцахыг хүсэгч нь МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлж өгнө. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгч өөрийн сонирхсон бүлэгт заасан хичээл бүрээр Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгч,  хөтөлбөрт тавигдах босго онооны болзлыг хангасан байх шаардлагатай.
 
Монгол Улсад барилгын инженер, аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн тэртээ 1959 оноос тус сургуулийн түүх эхэлдэг. Өнөөдөр ШУТИС нь Монгол Улсын тэргүүлэх их сургуулийн хувьд 2021 он хүртэл хөгжлийн стратеги зорилгоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер, нээлттэй их сургууль болгон хөгжүүлэхээр тодорхойлоод байна. ШУТИС нь Улаанбаатар хотод 8, орон нутагт 1, нийт 9 бүрэлдэхүүн сургууль, 2 институт, Бизнесийн ахисан түвшний сургууль, ШУТИС Коосен технологийн коллеж, Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Мөн сургалтын хөтөлбөрүүдийг олон улсад түвшинд шинэчлэн боловсруулж бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт явуулж байна.
 
Олон улсын хамтарсан хөтөлбөр:
 
ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Тайвань, Япон, Энэтхэг, АНУ зэрэг орны их, дээд сургуулиудтай бакалаврын 18, магистрын 5 хамтарсан хөтөлбөрөөр сургалт зохион байгуулан явуулснаар төгсөгч-мэргэжилтэн нь хоёр сургуулийн дипломтой төгсч байна.
 
Олон улсад магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөр:
 
Төгсөгч-мэргэжилтний чанарыг сайжруулж олон улсын жишигт хүрэхийн тулд бакалавр, магистрын сургалтын 44 хөтөлбөр дотоодын магадлан итгэмжлэлээр,  7 хөтөлбөр АНУ-ын ACBSP байгууллагаар Бизнесийн удирдлага, ХБНГУ-ын ASIIN байгууллагаар Цахилгаан хангамж, Геодези, АНУ-ын ABET байгууллагаар Цахилгаан холбоо, Утасгүй холбоо хөтөлбөрүүд олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлээд байна. ШУТИС-д дотоодын болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцахаас гадна сургалтын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбоотой оюутан сурч буй мэргэжлээрээ гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломж нээгдсэн юм.
 
Хамгийн эрэлтэй мэргэжил:
 
Монголын Улсын хамгийн эрэлт ихтэй 20 мэргэжлийн жагсаалтад     ШУТИС-ийн сургалт явуулж буй “Авто замын барилга”, “Геологи”, “Гидрогеологи”, “Тидромеханик, инженер”, “Усны нөөц экологи”, “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, “Мэдээллийн систем”, “Газрын тосны хадгалат, тээвэрлэлт”, “Сантехник, инженерийн байгууламж”, “Биотехнологи”, “Цөмийн эрчим хүч” 12 мэргэжил багтсан байна.
 

Холбоотой мэдээ