Төмөр зам, иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулахыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-06-28 10:27:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. 

Уг тогтоолын төсөлд, төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар оруулж ирсэн юм.

Мөн “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг дэмжив. Агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамжаар бус, суудлын багтаамжаар тохирох зохицуулалтад хүрэхийг эрмэлзэх замаар хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдаж, агаарын хөлгийн багтаамжаас хамаарсан дарамт, хүчин чадлын дутуу байдлыг арилгаж, үндэсний агаарын тээвэрлэгчид ач холбогдолтой уян хатан зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор төсөл санаачлагч төслийг боловсруулсан. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хоёр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. 
 
Н.Туяа
 
Холбоотой мэдээ