Шинжлэх ухааны зориулалттай "Мазаалай-2" хиймэл дагуулыг Монголдоо угсарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжиж буй орнуудын сансрын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэх, хэрэглээний шинэ арга замуудыг судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “BIRDS” олон улсын төслийн III хурал өнөөдөр МУИС-ийн Номын санд эхэллээ.
Хурлын нээлтэд МУИС-ийн ректор Я.Төмөрбаатар, Монголын ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар оролцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нар төлөөлөгчдөөрөө дамжуулан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү хуралд Монгол, Япон, Бельги, Гана, Нигер, Бангладеш, Непал, Шри Ланк, Малайз, Филиппин, Тайланд, Коста Рика, Судан зэрэг 18 орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид хиймэл дагуулын ашиглалт, газрын станц, сансрын инженерчлэлийн боловсон хүчин зэрэг олон сэдвээр илтгэл хэлэлцүүлэх аж.

Хурлын нээлтэд МУИС-ийн ректор Я.Төмөрбаатар, Монголын ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар оролцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нар төлөөлөгчдөөрөө дамжуулан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү хуралд Монгол, Япон, Бельги, Гана, Нигер, Бангладеш, Непал, Шри Ланк, Малайз, Филиппин, Тайланд, Коста Рика, Судан зэрэг 18 орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид хиймэл дагуулын ашиглалт, газрын станц, сансрын инженерчлэлийн боловсон хүчин зэрэг олон сэдвээр илтгэл хэлэлцүүлэх аж.

Хөгжиж буй орнуудын сансар судлалын салбарыг шинэ төвшинд гаргаж буй “BIRDS” анхдугаар төсөлд Монгол, Япон, Гана, Нигер, Тайланд, Тайвань зэрэг улс хамрагдаж, өнгөрөгч оны 7 дугаар сард манай улсын анхны хиймэл дагуул “Мазаалай” сансарт хөөрсөн билээ. “Мазаалай” хиймэл дагуулын ашиглалтын тооцоот хугацаа дууссан ч одоог хир нь 400 км-ийн өндөр дэх агаарын нягтыг тодорхойлох, хиймэл дагуулын байршлыг GPS ашиглахгүйгээр тогтоох, хагас дамжуулагч элементүүдийн үзүүлэх нөлөөгөөр нарнаас ирж буй сансрын цацрагийн тархцыг судлах зэрэг шинжлэх ухааны үндсэн даалгавраа дата цуглуулах замаар биелүүлж байна. Сонирхуулахад “Мазаалай” хиймэл дагуул хамт хөөрсөн таван орны хиймэл дагуулаас ганцаараа ажиллаж байгаа аж.
“BIRDS-2” төсөлд Филиппин, Малайз, Бутан, “BIRDS-3”-д Шри ланк, Непал зэрэг улс багтаж, өөрсдийн хиймэл дагуулаа хөөргөж эхлээд байгааг “BIRDS” төслийн үндэслэгч, Японы Кёшүгийн Технологийн институтын профессор Менгу Чо онцлов.
Тэрбээр “”BIRDS” төсөл дэлхийн олон орныг хамран, өргөн цар хүрээтэй хэрэгжиж байна. Саяхан бид “BIRDS-2” төслийн хүрээнд Филиппин, Малайз, Бутан улсын хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө. Дараагийн буюу гуравдугаар төсөлд Шри ланк, Непал зэрэг улсууд багтаж байна. Өнөөдрийн хурлын гол зорилго сансрын хиймэл дагуулын инженер, хүний нөөцийг бэлтгэх, олон улсын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, туршлага солилцоход чиглэж буй юм. Харин хэтийн төлөвлөгөө хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлж, бие биедээ дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бий болгоход оршиж байна. “BIRDS” төслийн хүрээнд манайд суралцаад буцсан орон орны эрдэмтэд эх орондоо очоод хоёр дахь хиймэл дагуулынхаа бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь бидний ажлын үр дүн юм” хэмээв.

“Мазаалай” хиймэл дагуулын инженерийн багт Монголоос МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн төгсөгч Д.Эрдэнэбаатар, Т.Бэгзсүрэн, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар ажиллажээ. Тэд Японд сансрын инженерчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалан түрүүчээс эх орондоо ирж, “Мазаалай-2” том хэмжээний шинжлэх ухаан, хэрэглээний хиймэл дагуулын төслөө эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Японы Кёшүгийн их сургуулийн сансрын инженерчлэлийн доктор, “Мазаалай” төслийн багийн инженер Д.Эрдэнэбаатар “Манай анхны хиймэл дагуул мазаалай сансрын орчин дахь мэдээллийг амжилттай дамжуулж байгаа ч ажиллах хугацаа нь дуусч байна. Тиймээс бид хоёр дахь хиймэл дагуул хийх ажилдаа орсон. “Мазаалай-2” төсөл бэлэн болсон бөгөөд санхүүгийн асуудал шийдэгдсэний дараа бүтээн байгуулалт эхэлнэ. Анхны "Мазаалай" хиймэл дагуулыг Японд угсарсан бол жижиг оврын шинжлэх ухааны зориулалттай хиймэл дагуулыг Монголдоо бүрэн хөгжүүлэн угсрах зорилготой байна. Өөрөөр хэлбэл сурсан технологио ашиглан нарийн хийц бүхий төхөөрөмжийг эх орондоо бүтээх юм. Ингэснээр дараа дараагийн инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
Гана улсын Бүх ард түмний их сургуулийн Сансрын системийн технологийн лабораторийн үүсгэн байгуулагч, Японы Кёшүгийн их сургуулийн доктрант Бонсу Бенжамин “Би “BIRDS-1” төслийн Гана улсын багийн удирдагчаар ажиллаж 2012 онд өөрийн эх оронд анхны Сансрын системийн технологийн лабораторийг байгуулсан. Манай улсын хувьд байгалийн гамшиг, тэр тусмаа хүчтэй аадар бороо хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Бид хиймэл дагуул хөөргөж өөрсдийн Цаг уурын байгууллагад шуурхай, үнэн бодит, цаг хугацааны өндөр нарийвчлалтай мэдээлэл дамжуулахад анхаарч байна. Миний ойрын зорилго бол манай орны уур амьсгалын нөхцөл байдлыг хянах “Ghana sat-2” хиймэл дагуулыг хөгжүүлэх юм. Монгол Улс “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөснөөр сансар огторгуйд өөрийн тамгатай болсон. Манай улс ч мөн адил энэхүү төслийн нэг хэсэг болж “Ghana sat” хиймэл дагуулыг хөөргөж улсынхаа нэрийг цуурайтуулсан. Харин одоо манай хиймэл дагуулын ажиллах хугацаа дуусч мэдээлэл дамжуулахаа больсон. Тиймээс бид хиймэл дагуулын сайжруулсан загварыг бүтээхээр улсынхаа Засгийн газраас санхүүжилт хүссэн. Шинэ хиймэл дагуул маань 1,5 сая ам.долларын өртөгтэй байна гэж тооцоолж байгаа. Бас нэгэн сайшаалтай зүйл нь манай хиймэл дагуул Монголын дээгүүр өнгөрөхөд “BIRDS” сүлжээгээр дамжуулан Монгол Улс мөн мэдээлэл авах боломжтой” хэмээн ярилаа.

“BIRDS” олон улсын төслийн III хурал энэ сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, газарзүй мэдээллийн систем, байгаль орчны зайнаас тандан судлалын чиглэлийн эрдэмтэн судлаачид, багш оюутнууд, сонирхогчдод нээлттэй юм.
Л.Нандинцэцэг
Гэрэл зургийг Б.Чадраабал