Д.Сумьяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ирэх онд багтаан гаргана

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2018-09-03 16:08:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүрийн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” Хэвлэлийн бага хурлын үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа тоон үзүүлэлтийг танилцуулахдаа, “Энэ оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс, 764.4 мянган тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мянган тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 46.8 мянган тонн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мянган тонн катодын зэс үйлдвэрлэсэн байна.
Товч мэдээллийн дараа тэрээр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулт өглөө.
-“Оюутолгой” төсөл дээр хийж буй олон талын хяналт шалгалт хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх үүднээс төслийг зогсоох ёстой гэсэн яриа гарах болсон. Энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ бол Монголын төсөл зогсооно, гацаана гэсэн зүйл байхгүй. Төслийн далд уурхайн ажлыг бид цаг ямагт дэмжиж байгаа, бололцоо нөхцлөөр нь хангаж олон улсын түвшинд гаргах зорилгоор Засгийн газар болон УУХҮ-ийн яамны зүгээс энэ төслийг цаашид бүрэн дүүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Төсөл явдгаараа явна, засч, залруулах зүйл байгааг үгүйсгэхгүй. УИХ намрын чуулганаар шалгалтын ажлын хэсгийн дүнг танилцуулах үеэр үүнийг хэлэлцэнэ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажил эрчимжиж байгаа энэ үед өмнө нь хэрэгжүүлж буй том төслөө зогсоож, дараагийн төслийг үргэлжлүүлнэ гэж яаж байж болох вэ дээ.
-“Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн гэсэн мэдээлэл яваад байгаа. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа юу?
-“Эрдэнэт” үйлдвэрийн өр төлбөрийн асуудалд Засгийн газар шуурхай ажиллаж байгаа. Засгийн газраас Лондонгийн Арбитрын шүүхийн төлбөр тооцоотой холбоотой, мөн хоёр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Дансыг нь хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын эд үед шатахууны үнэ нэмэгдээд байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Шатахууны үнэ дотоодын хүчин зүйлээс шалтгаалахгүй нэмэгдэж байна. Тиймээс Сангийн яамтай хамтран дотооддоо шатахууны үнэ өсгөхгүй байх тал дээр олон хувилбар дэвшүүлж судалж байна. Өнөөдрийг хүртэл шатахууны Онцгой албан татварыг тэглэж ирсэн. Дотооддоо үнэ нэмэгдэхгүй байх талаас нь хувилбаруудыг ярина. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн.
-ОХУ, Хятадын талаас байгалийн хий дамжуулах хоолойг манай улсаар өнгөрүүлэхээр болсон гэх мэдээлэл хэр бодитой вэ?
-Хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх нь агаарын бохирдлыг бууруулах талаасаа ч, эдийн засгийн хувьд ч үр ашигтай. ШХАБ-ын уулзалтаар ОХУ-ын талаас эдийн засгийн талаас нь судлах чиглэл ирсний дагуу Монголоор дамжуулах асуудлыг ярих байх. Энэ асуудлыг ҮАБЗ-өөр ярьж шийдвэр гарна.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийг яамны харьяанд авсны зорилго юу вэ. Тус компанийн хувьцааг амь оруулах асуудал ямар шатанд байна вэ. Иргэд хувьцааныхаа ашгийг хэзээ хүртэх вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх үүргийг манай яаманд шилжүүлсэн. Хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг төлөөлж ийм шийдвэр гарсан. УИХ-ын 73 дугаар тогтоолын дагуу үе шаттай хийж байгаа ажил. Компанийн засаглал олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахад хангах ёстой шаардлагын дагуу л олон улсын стандарт, хууль эрх зүй, санхүүгийн талаас нь бие даасан байдлыг бий болгохоор ажиллаж байна. Хувьцааны үр шимийг хүртэх хугацаа ойрхон ирсэн гэж хэлж болно. Компанийн 30 хувийг IPO гаргах асуудлаар ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд авто зам, төмөр зам, усан хангамж, техникийн хэсгийн шинэчлэл, нүүрс угааж, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийж байна.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Холбоотой мэдээ