Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байршууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-27 10:15:39

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болохтой холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимд энэ сарын 24-нд байршуулав.


Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг эхийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг орон нутгийн хурлын сонгууль дуустал цахим хуудсанд байршуулахаар хуульчилсан юм. Сонгогчид Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://burtgel.gov.mn/ цахим хуудсанд хандаж, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” цонхыг идэвхжүүлэн иргэний бүртгэлийн дугаар, бүртгэлтэй хаягийн мэдээллээ оруулан шалгах боломжтой.

Энэ сарын 21-ний өдрийн байдлаар, хоёр аймгийн ИТХ-ын тус бүр 1, 18 аймгийн 58 сумын ИТХ-ын 68 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын ИТХ-ын шийдвэр гараад байна.  

Related news