Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумд бүс нутгаа төлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумыг 2025-2027 онд Зүүн Азийн бүс нутгийг төлөөлөн Доминиканы Бүгд Найрамдах Улстай хамтран даргална.
Тус форумын Ахлах албан тушаалтнуудын 23 дахь удаагийн уулзалт цахимаар өнөөдөр болж, дээрх шийдвэрийг гаргав. Энэхүү форумыг Зүүн Ази, Латин Америкийн бүс нутгийг төлөөлөн сонгогдсон хоёр гишүүн улс 2 жилийн хугацаатай хамтран даргалдаг уламжлалтай.
Форум нь Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, улс төр, эдийн засгийн яриа хэлцээг бэхжүүлэх зорилгоор 1999 онд байгуулагдсан. Эдүгээ энэхүү олон талт форумд хоёр тивийн нийт 36 улс нэгдэн орсноос 16 нь Зүүн Азийн, 20 нь Латин Америкийн орон юм. Гишүүн орнуудын хувьд дэлхийн нийт хүн амын 40 орчим хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь, гадаад худалдааны эргэлтийн 33 хувийг тус тус эзэлж байна.
Монгол Улс 2010 онд Токио хотноо болсон ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын IV уулзалтын үеэр энэхүү олон талт механизмд нэгдэн орсон бөгөөд түүнээс хойш форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн гэж ГХЯ-наас мэдээллээ.