galt.deegii@gmail.com
2024-05-03 16:07:38
ӨМНӨГОВЬ: ГБХЗХГ-ын хамт олон мюзикл жүжигт тогложээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ мюзикл жүжигт тогложээ. Тус хамт олон гэр бүл, хүүхдийн аливаа төрлийн хүчирхийлэл,  эрхийн зөрчил, бага насны хүүхдийн цахим хэрэглээ, өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголт мэдээллийг сонирхолтой хэвшмэл бус хэлбэрээр олон нийтэд хүргэхийг зорьсон байна. “Хөшгөө нээ” нэртэйгээр тоглогдож байгаа  мюзикл нь мэргэжлийн хүмүүсийн нүдээр, орчин цагийн гэр бүлийн асуудал хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрхэн нөлөөлж байгааг хөндөж чадсан юм. Тодруулбал жүжигт тухайн байгууллагын дарга, үйлчлэгч, нярав, жолооч нар бүгд оролцож өөр өөрсдийн дүрээр нийгмийн анхаарал татсан хөндүүр сэдвийг хөндөн хамгийн ойлгомжтойгоор гарган харуулахыг эрмэлзжээ. Хамт олноороо зохиол болон дууныхаа үгийг зохиож аймгийн ХЖТ-ийн найруулагч Гаябазарын  Амартүвшин найруулга хийж 2022 оны 11-р сарын 13-14-ний өдрүүдэд Ёл кино театрт  тоглолтоо  өргөн барьж байна. Энэхүү мюзикл жүжигт алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон тоглосон, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилсан төдийгүй, эцэг эх, асран хамгаалагч, өсвөр үеийнхэнд гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх   өргөн мэдлэг мэдээлэл өгсөн ач холбогдол өндөр анхдагч түүхэн үйл явдал боллоо.
506 өдөр
ӨМНӨГОВЬ: Ирэх онд 8 цэгт шинээр 4G сүлжээг оруулна
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Нутгийн хишиг 2024" мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2022 онд Өмнөговь аймгийн хэмжээнд алслагдсан бүс нутгуудад 26 цэгт үүрэн сүлжээний 4G үйлчилгээг оруулахаар 4,6 тэрбум төгрөгийн төсвийг батлан төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлжээ. Одоогоор 20 цэгт 4G сүлжээг бүрэн суурилуулж дууссан байна.  Орон нутгийн Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч “Говийн анир” ХХК  нээлттэй тендэр шалгаруулалтанд тэнцэж 12 цэгт 4G үүрэн сүлжээний дэд бүтэц, нарны зайн системийн угсралтыг хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.Алслагдсан хөдөөгийн нутаг дэвсгэр, багийн төвийг холбоожуулах, мэдээлэлжүүлэх зорилтыг батлан хэрэгжүүлж  малчид хөдөө хонины бэлчээр дээрээсээ интернет сүлжээнд холбогдож дэлхий дахины мэдээллийг цаг хугацаа хоцрохгүйгээр авах, сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд алсын зайнаас боловсролыг эзэмших, малчид жи пи эс-д холбогдож мал сүргээ хянах, цаг агаарын мэдээг тухай бүрт нь авах зэрэг олон талт ач холбогдолтой юм.Ирэх 2023 онд 8 цэгт шинээр 4G сүлжээг тавьбал Өмнөговь аймаг бүрэн сүлжээнд холбогдож дуусна. Ингэснээр Монгол улсын хэмжээнд анхны 4G сүлжээнд бүрэн хамрагдсан аймаг болж байгаа юм. 
508 өдөр
ӨМНӨГОВЬ: Сувилагчдыг орон нутагтаа чадавхжуулж, сурган бэлтгэж байна
 Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд сувилагч мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа юм. Үндэсний статистикийн хорооны 2021 оны судалгаагаар нэг сувилагчид ногдох хүний тоо улсын дунджаар 244 байгаа бол Өмнөговь аймагт 375 буюу улсдаа тэргүүн эгнээнд орж байгаа тоон мэдээлэл гарчээ.   Өмнөговь аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 250 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажил үүргээ гүйцэтгэж байна.  Сувилагч мэргэжилтний хүний нөөц дутагдалтай байгаа энэ цаг үед Өмнөговь аймгийн удирдлага, эрүүл мэндийн мэргэжилтнүүд бодлогын түвшинд арга хэмжээ авч  орон нутагтаа сувилагчдыг бэлтгэж эхлээд байгаа билээ. Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд орон нутагт Сувилахуйн салбар сургуулийн тусгай шалгуурын шаталсан бакалаврын хөтөлбөр, ажлын байранд сувилагч мэргэжлийг эзэмшүүлэх сургалт танхимаар болон цахимаар амжилттай зохион байгуулагдаж байна.Тус сургуульд одоогоор 10 суралцагчид орон нутагтаа, зардал багатайгаар сувилахуйн шинжлэх ухааны онолын мэдлэг, дадлагажих хөтөлбөрөөр мэргэжлийн ур чадваруудыг эзэмшиж байгаа юм.  Сувилагчаар суралцагчид сурлагын голч дүнгийн болзолт шалгуур үзүүлэлтийг хангаж, амжилттай суралцсан тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжуудыг олгож байна. 
513 өдөр
ӨМНӨГОВЬ: Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд стандарт хангасан шинэ байртай болно
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Даланзадгад суманд “Бэрх биш-Ээлтэй Өмнөговь” нэгдсэн цугларалтыг зохион байгууллаа.Тус өдөрлөгийг угтан Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлтэй хамтран тус өдөрлөгийг зохион байгуулсан юм. ХБИ-ийн салбар зөвлөл хийсэн ажлаа тайлагнаж гишүүдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч ирэх онд хийх ажлыг хэлэлцэн төлөвлөжээ.  Өмнөговь аймгийн хэмжээнд 2197 иргэн ХБИ-ийн Өмнөговь дахь холбоонд бүртгэлтэй байдаг. Энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо, нийгмийн хамгааллын үйл ажиллагааг орон нутгаас бодлогоор дэмжин ажиллаж, ТББ-уудын үйл ажиллагааг чадваржуулан төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх боломж нөхцлөөр хангаж, нийгмийн оролцоо, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор олон талт үр дүнтэй ажлуудыг санаачлан зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал "Залуус" хөтөлбөрөөрөө санхүүжүүлэн ХБИ-дэд "Хувийн туслах" үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тус үйлчилгээг 2023 онд мөн үргэлжлүүлэн хүргэх юм.Мөн “Энержи ресурс” ХХК хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй иргэний нийгмийн даатгалыг төлж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалдаг 40-н ээжийн нийгмийн даатгалыг ЗДТГ-аас 2 жилийн хугацаатайгаар төлж байгаа юм. Мөн Даланзадгад сумын ерөнхий боловсролын гурван сургуульд лифт буюу өргөгч механизмыг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу 2 сургуульд бүрэн хийж дууссан бөгөөд үлдсэн 1 сургуульд гүйцэтгэл хийх ААНБ-ын сонгон шалгаруулалт одоогоор хийгдэж байгаа билээ. Харин 2023 онд аймгийн төсөвт 3.5 тэрбум төгрөг суулгаж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэргэжлийн чанар стандартад нийцсэн орчин цагийн "Жавхлант" төвийг барих таатай мэдээгээр эрхийг нь хамгаалах өдрөөр бэлэг барьжээ.Энэ нь ХБИ болон эцэг эх, асран хамгаалагч, төрөл саданд нь таатай орчин нөхцөл бүрдэж байгаа юм. Тус төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ахмад настнууд өөрт хэрэгтэй цогц үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Тухайн өдөрлөгийн үеэр ХБИ өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
515 өдөр
ӨМНӨГОВЬ: Дэлхийн аваргын тэмцээнээс тамирчид 11 медаль хүртжээ
Өмнөговь/МОНЦАМЭ/ Унгар улсын Будапешт хотод 2022 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд “Hungurian Sport Kempo Federation” холбооноос зохион байгуулсан холимог тулаан, кик боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Юлтимкс холимог тулааны тамирчин ЕБ-ийн 3-р сургуулийн 11в ангийн сурагч Рэнчинсэнгийн Эрхэмбаяр холимог тулааны 16-17 насны 58кг жингийн төрөлд алтан медаль, Кик боксын төрөлд алтан медаль, Жюү жицүгийн төрөлд алтан медаль, No ginii төрөлд алтан медаль, Юлтимкс холимог тулааны холбооны багш, дасгалжуулагч Нарантуяагийн Тайван-ертөнц Кик боксын төрөлд алтан медаль, Холимог тулааны төрөлд мөнгөн медаль, Жюү жицүгийн төрөлд мөнгөн медаль, No ginii төрөлд хүрэл медаль хүртсэн бол Юлтимкс холимог тулааны тамирчин Цолмонгийн Эрдэнэбаяр Кик боксын 71 кг жингийн төрөлд алтан медаль, Холимог тулааны төрлөөр мөнгөн медаль, Жюү жицүгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн бахархам амжилт гаргаж Өмнөговь аймгаа төдийгүй Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж тугаа мандуулан төрийн дуулалаа эгшиглүүллээ.Өмнөговь аймгийн "Юлтимакс" холимог тулааны холбоо нь 2022 онд тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж хүүхэд залуусыг бэлтгэн бүс нутаг, олон улсын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож нийтдээ 53 медалийг сум орон нутагтаа авчраад байгаа юм.
515 өдөр
ӨМНӨГОВЬ: Он гарсаар зам тээврийн ослоор 30 хүн амиа алджээ
Өмнөговь/МОНЦАМЭ/ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт бүсчилсэн сургалт, зөвлөгөөнийг Даланзадгад хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.Сургалт, зөвлөгөөний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын алба хаагчдад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тээврийн цагдаагийн албаны сургагч багш нар танхимаар Зам тээврийн хэрэг, ослыг шалгах ажиллагаа, Тээврийн хэрэгслийн болон авто замын аюулгүй байдалд тавих хяналт, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах, хүүхдийг зам тээврийн ослоос хэрхэн сэргийлэх гэсэн сэдвүүдээр сургалтыг явуулсан бол Тээврийн прокурорын газраас Зам тээврийн хэрэг, ослыг шалгахад анхаарах асуудал сэдвээр цахимаар  сургалтыг зохион байгууллаа.Өмнөговь аймгийн хэмжээнд 2022 оны байдлаар  210 зам тээврийн осол бүртгэгдэж 30 хүний амь нас хохирч, 28 хүн бэртсэн тоон үзүүлэлт гарчээ. Энэ нь жолооч нарын хариуцлагагүй байдал, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, согтуугаар жолоо барьж хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн гэрэл дохиог буруу ашиглах гүйцэд түрүүлэх үйлдлийг дүрмийн бусаар хийх зэрэг алдаа дутагдал их гаргадагаас үүдэлтэй. Энэхүү хариуцлагагүй байдлаас шалтгаалан амь насаа алдах, бие эрхтэнээрээ бэртэж хохирох аюулд орж байгааг албаны хүмүүс анхаарууллаа. 
519 өдөр
ӨМНӨГОВЬ: “Ойлгоё - Хайрлая” хөвгүүдэд зориулсан нөлөөллийн ажил зохион байгуулав
Өмнөговь/МОНЦАМЭ/  Даланзадгад сумын хэмжээнд хэрэгжиж байгаа “Дэвшилтэт хотын оюунлаг залуучууд”, “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур”, “Чадварлаг багш хөгжсөн хүүхэд” зэрэг дөрвөн дэд хөтөлбөрийн  хэрэгжилтийн дагуу  10-р ангийн эрэгтэй сурагчид, асран хамгаалагч аавуудад зориулсан “Ойлгоё-Хайрлая” үйл ажиллагааг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.  Тус арга хэмжээний хүрээнд нөлөөллийн сургалт, илтгэл,  эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг зэрэг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, генетик оношилгоо, сэтгэлзүйн зөвлөгөө,  Замын цагдаагийн газрын сэрэмжлүүлэг мэдээлэл, нээлттэй ажлын байрны бүртгэл зэрэг олон талт ажлуудыг зохион явуулсан юм.  Тус арга хэмжээнд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 6-н сургуулийн 10 дугаар ангийн 220 эрэгтэй сурагчид аавтайгаа оролцож байгаагаараа онцлогтой. Оролцож байгаа сурагчид, аавуудад лектор Т.Буяндэлгэр “Гэр бүлийн үнэ цэнэ”  сэдвээр лекц уншсан бол лектор Д.Хүрэлбаатар "Хайрын таван хэл", "та бусдад юу түгээдэг вэ?"сэдвээр хувь хүний хөгжлийн лекцийг уншлаа. Хөвгүүд аавдаа сэтгэлийн захидал бичиж харин аав нь хөвгүүддээ мөн захидал бичиж арга хэмжээн дээр солилцжээ. Тухайн  арга хэмжээнд хамрагдсан зарим аавуудыг  ажлын байранд зуучилж,  хүүхдүүдэд “Мэргэжлийн хэв шинж тодорхойлох генетик оношилгоо”-г үнэ төлбөргүй оношлуулах  эрхийн бичгийг өгчээ.  Мөн “Ойлгоё-Хайрлая” арга хэмжээнд оролцсон хүүхдүүдийн дунд 12 азтан шалгаруулж боловсрол, эрүүл мэндийг нь дэмжин  шүдний эмчилгээ,  фитнес клубт хичээллэх эрх, үсчин гоо сайхнаар үйлчлүүлэх, Англи хэлний сургалтанд хамрагдах зэрэг эрхүүдээр урамшуулан шагнасан юм.  
520 өдөр
ӨМНӨГОВЬ: “Тэмээн сүргийн говь” цахим дууны уралдааны шагналтнууд тодорлоо
Өмнөговь/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын даргын 2022 оны 136 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн сүлд дуу болох О.Цэрэндэндэвийн үг, А.Батдэлгэрийн аялгуу "Тэмээн сүргийн говь" дууг хэн сайн дуулах вэ? цахим уралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 4-14-ний өдрийн хооронд олон нийтэд зарлан явуулж, нийт 29 иргэн оролцлоо.Уг дууг Монгол Улсын Гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат дуулж, олны хүртээл болгосон юм. Оролцогчид “Тэмээн сүргийн говь” дууг дуулан бичлэгээ зохион байгуулагчид ирүүлсэн бөгөөд Хөгжимт жүжгийн театрын мэргэжлийн уран бүтээлчид шүүн тунгааж шагналт байруудыг тодрууллаа.  Сүлд дууг хэн сайн дуулах вэ? уралдааны тэргүүн байрыг Даланзадгад сумын иргэн Б.Ганзориг, дэд байрыг  Б.Ган-Эрдэнэ, гутгаар байрыг С.Цэгцбилгүүн, тусгай байруудыг Ц.Баасанжав, Булган сумын иргэн Ц.Отгон-Өлзий нар тус тус эзэллээ.Тус цахим уралдааны эхний 5 байрт шалгарсан иргэдэд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баяр, аймгийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдааны үеэр батламж, мөнгөн шагналыг гардуулан өгөх аж. 
524 өдөр