Гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангах хууль боловсруулсан
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож, Монгол Улсын гадаад харилцаа, АСЕМ-ийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд гадаад харилцааны салбарыг сонгуулиас сонгуулийн хооронд биш урт хугацаанд тогтвортой ажиллах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа онцлов. Дипломат албаны хуульд өөрчлөлт оруулах, Гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн төслийг шинээр боловсруулан, УИХ-ын намрын чуулганаар багтаан батлуулахаар ажиллаж байгаа аж. Энэ хууль батлагдвал гадаад бодлогын зохицуулалтын хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзжээ.
Гадаад эдийн засгийн харилцааг зөвхөн Гадаад хэргийн яамаар дамжуулан хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжих зорилгоор тус яамны бүтцэд Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны газар байгуулжээ. Мөн Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Гадаад хэргийн сайд томилогдсон нь ОХУ, БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын хүрээнд ажиллаж байгаа дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг нэгтгэх, хөрш орнуудтайгаа хэрэгжүүлэх бодлогыг нэг цонхоор явуулахад чухал ач холбогдолтой гэж онцоллоо.
Гадаад хэргийн яамны бүтцэд Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрыг байгуулж, Монгол Улсыг гадаад улс, орнуудад сурталчлах ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв. Соёл, урлаг, өв, түүх, зан заншил, спорт, шинжлэх ухаан, нийгмийн талаарх мэдээллийг гадаад улс орнуудад түгээх замаар тухайн салбарын гадаад харилцааг дэмжиж, Монгол Улсыг гадаадад сурталчлах үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ.
Мэдээллийн дараа Л.Пүрэвсүрэн сайд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Монгол Улс төвийг сахих бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Гэтэл Орос, Хятад дургүйцэх болов уу гэсэн таамаг бас гарсан. Энэ тал дээр таны байр суурь?
-Төвийг сахих бодлого боловсруулахдаа маш олон талаас судалгаа хийсэн. Энэ судалгааны үндсэн дээр Ерөнхийлөгчийн санаачилсан улсынхаа ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт хамгаалж чадах бодлого бол Төвийг сахих бодлого юм. Энэ нь 1990 оноос хойш явуулсан гадаад бодлогын албан ёсны хувилбар гэж хэлж болно.
-ОХУ руу визгүй зорчдог болоод хоёр сар болж байна. Үүнээс үүдэн гарч байгаа эерэг болон сөрөг зүйл юу байна вэ?
-Үүн дээр муугаас илүү сайн тал нь их байна. Худалдаа наймаа нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Нэг жилийн хугацаанд хоёр талаас зорчигчдын тоо 30 хувиар нэмэгдсэн. Харин саар мэдээ бол хэрэгт төвөгт холбогдох явдал ихэссэн.
-АСЕМ-ын уулзалтын аюулгүй байдлыг хэрхэн анхаарч ажиллах вэ? Бэлтгэл ажил ямар түвшинд байна?
-Дэлхийн нөхцөл байдал нэлээд хэцүү байдалтай байна. Маш сайн харуул хамгаалалттай улсууд ч халдлагад өртөж байгаа тохиолдол гарлаа. Тиймээс бид АСЕМ-ийн уулзалтыг амжилттай хийхийн тулд маш их анхаарч байгаа.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ