Зарим сумдад бэлчээрийн даац хэтэрч,өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн 2015-2016 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба тооцоолж гаргажээ.
Зуншлагын байдал 2015 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд гандуу байв. Энэ зуны 6-р сараас нийт нутгаар хур бороо олон жилийн дунджаас ахиу орж, ургамлын ургалт, зуншлагын байдал сайжирсан боловч 7-р сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, агаарт 30 хэмээс, хөрсөнд 40 хэмээс дээш олон хоног дараалан халсны улмаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан юм.
Бэлчээрийн даацыг сум, багийн дүнгээр авч үзвэл: Эрдэнэбүрэн сумын Намаржин, Шураг, Хар-ус, Зэрэг сумын Бураа, Хөндлөн, Булган сумын Бүрэнхайрхан, Мянгад сумын Баянхошуу, Дөргөн сумын Өгөөмөр, Чандмань сумын Урд гол, Манхан сумын Төгрөг гол, Цэцэг сумын Цэцэг нуур, Дарви сумын Булган, Дуут сумын Босго, Мөст сумын Улаан толгой, Үенч сумын Хөх үзүүр багуудын нутаг бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Мөн Эрдэнэбүрэн сумын Хонгио, Ховд сумын Цагаанбургас, Цэцэг сумын Хажинга, Баянгол, Баяновоо, Дөргөн сумын Агваш, Мянгад сумын Цагаан булан багийн ихэнх нутаг, Баянбулаг багийн зүүн хэсэг, Чандмань сумын Сүлжээ багийн баруун болон хойд, Баянхайрхан багийн хойд хэсгээр, Алтай сумын Тахилт, Мөнххайрхан сумын Сэнхэр Дарви сумын Булаг багуудын нутаг бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрчээ.
Эрдэнэбүрэн сумын хойд тал, Мөнххайрхан сумын Хаг, Борт, Алаг, Мөст сумын Баянхайрхан, Хужирт багуудын баруун өмнө нутгаар, Зэрэг сумын Гүвээ, Эхэн, Чандмань сумын Талын булаг, Тахилт, Манхан сумын Тахилт, Баянгол, Дуутын сумын хойд талын нутаг, Буянтын Цагаан эрэг, Дөргөн сумын зүүн Аргалант, Сээр, Мянгад сумын баруун болон баруун хойд талын нутаг, Булган сумын Баянгол багийн зүүн хэсэг, Эрдэнэбүрэн сумын хойд талын багийн нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан дүнтэй байна. Харин бусад сумдын нутгаар бэлчээрийн даац хүрэлцээтэй байна.
Аймгийн дүнгээр авч үзвэл нутгийн 70 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой.
Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул аймаг, сумдын удирдлагууд эртнээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатайг гэж Ус цаг уур орчны шинжилгээний алба анхаарууллаа.
А.Бямбасүрэн
Сэтгэгдлүүд