Төрийн албан хаагчдад хууль тогтоомжуудыг тайлбарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат энэ сарын 17-20-ны өдөр Баянхонгор аймагт ажиллаж, УИХ-аар баталсан болон хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн тухай олон нийтэд танилцуулан, уулзалт хийв.
Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хууль зэрэг 300 гаруй хуулийн шат шатны хэлэлцүүлгийг хийж, УИХ-аар батлуулсан. Тиймээс байнгын хорооны ажилчид Баянхонгор аймагт ажиллаж төрийн албан хаагчдад өдөр тутам хэрэглэгдэх Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг тайлбарлан таниулж байгаа гэдгийг Д.Ганбат гишүүн уулзалтын үеэр тодотгов.
Мөн тэрбээр Баянхонгор аймаг дахь Барилгын цэргийн 339 дүгээр ангийн ажилтан, алба хаагчидтай уулзсан бөгөөд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн Гемодиализийн тасгийн нээлтэд оролцсон байна.
Н.Туяа