Өмнөд Хятадын тэнгист өдөөн хатгалгаа зогсоохыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-02 12:00:15

БЭЭЖИН. /РИА Новости/. Өмнөд Хятадын тэнгист Тэнгисийн цэргийн хүчнийхээ өдөөн хатгасан үйлдлийг нэн даруй зогсоохыг Хятадын эрх баригчид АНУ-аас шаардсан байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.

“Хоёр орны харилцаанд сэв суухаас урьдчилан сэргийлэхийн тулд алдаагаа үтэр түргэн засч, өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг бид АНУ-аас шийдэмгий шаардаж байна” гэж тэрбээр онцлон хэлсэн байна. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн цохон тэмдэглэснээр, “Хятад улс үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаар төлөвлөж байна”.

АНУ бүс нутгийн улс орнуудын хамтын хүчин чармайлтыг үл хүндэтгэн, өдөөн хатгасан үйлдлийг дахин дахин гаргаж, “навигацийн эрх чөлөө” нэрийдлээр олон улсын үндсэн хэм хэмжээг зөрчин, Хятадын халдашгүй дархан байдалд аюул учруулж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэж тэрбээр хэлжээ.

Хятадын эскадрын мина зөөгч онгоц ням гарагт Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудаас холгүй навигацийн системийн үйл ажиллагааг шалгах ажиллагааг гүйцэтгэж байсан Америкийн байлдааны хөлөг онгоцтой 41 метрийн зайтай зөрж өнгөрсөн гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Номхон далайн флотын төлөөлөгч Чарльз Браун урьд нь мэдээлсэн байна.

Харин Хятадын Батлан хамгаалах яам үүний хариуд, АНУ-ын байлдааны хөлөг онгоц сайн дураар Өмнөд Хятадын тэнгисийн Наньша /Спартли/ арлын усанд орсон бөгөөд Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний цэргийн хөлөг онгоц хууль дүрмийн дагуу шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч, хөлөг онгоц аль улсынх болохыг шалгасан бөгөөд уг арлын уснаас яаралтай гарахыг анхааруулсан гэж мэдэгдсэн байна.

Хятад, Япон, Вьетнам, Филиппин зэрэг бүс нутгийн хэд хэдэн улс Өмнөд Хятадын тэнгис болон Зүүн Хятадын тэнгист далайн хилийн шугам болоод газар нутгийн асуудлаар маргалддаг билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ