Ерөнхийлөгч В.Путин нефтийн олборлолтын түвшинг царцаахыг ятгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-03-03 12:06:09

Орос улсын ерөнхийлөгч  Владимир Путин 3 дугаар сарын 1-нд Оросын нефтийн томоохон компаниудын тэргүүн нартай уулзалт хийв.

Уулзалтын гол сэдэв тус улсад нефтийн олборлолтын хэмжээг царцаах тухай  байв. Гэтэл нефтийн салбарт олборлолтын хэмжээг зогсоох нь тус улсын ашиг сонирхолд үл нийцэж байгаа тухай “Газета.Ru” тэмдэглжээ.

Учир нь гэвэл, оросы компаниуд зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийн тулд тэмцэж ирсэн, харин үүний тулд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэх ёстой юм. Тэгвэл оросын нефтийн томоохон компаний төлөөлөгчид ерөнхийлөгч Путины нефтийн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх санал хүлээн авчээ.

Энэ тухай тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак "Нефтийнхэн  олборлолтын хэмжээг  царцаахыг эсэргүүцсэнгүй, гэхдээ тэд дунд зорилтын хугацаанд тус салбарын татварыг нэмэхгүй байхыг төрийн тэргүүнээс хүссэн“ гэж тэр хэлжээ. Тэрээр 2016  онд компаниуд тавьсан зорилтоо татварын шинэтгэл гараагүй тохиолдолд биелүүлэх боломжтой гэжээ. Оросын нефтийн томоохон компани “Роснефть” болон “Лукойл” хувийн  компанийн төлөөлөгчид ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үр дүнг тайлбарлахаас татгалзсан гэж хэвлэлүүд бичиж байна.

Сонирхуулахад, өнгөрсөн  сарын дунд үеэр  Орос, Саудын Араб, Катар болон Венесуэл улс нефть олборлолтын хэмжээг  энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн түвшинд барихаар  тохиролцоонд хүрсэн. Оросуудын үзэж байгаагаар, эдгээр нь дэлхийн нефтийн илүүдэлтэй байгаа  зах зээлийн нефтийн үнийн түвшинг барихад чухал ач холбогдолтой ажээ. Новак сайдын үзэж буйгаар, одоогийн байдлаар нефтийн зах зээл дээр хоногт  1,5 сая баррель илүүдэлтэй байна.

Түүнээс гадна Новак  одоогийн байдлаар 15 улс орон буюу  дэлхийн нефтийн зах зээлийн 75 хувь хянагч  орнууд  нефтийн  олборлолтын хэмжээг царцаахыг дэмжсэн тухай сануулжээ. Энэ нь дэлхийн нефтийн зах зээлийг тэнцвэржүүлэхэд хангалттай хэмээн тэр өмнө мэдэгдэж байсан юм.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ