Ли Көцян: БНХАУ-ын эдийн засаг 2019 онд 6-6.5 хувиар өснө

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-03-07 09:15:45


Бээжин /МОНЦАМЭ/. Арван гурав дахь сонгуулийн Бүх Хятадын УТЗЗ болон Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/, ХАТИХ-ын хоёрдугаар их хурал энэ сарын 3, 5-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо тус тус эхэллээ.

БХАТИХ-ын хоёрдугаар хуралдааны эхний өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, энэ онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.

Тэрээр, “Өнгөрсөн онд Хятад улс дотоодын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт болон Худалдааны дайн зэрэг шалтгааны улмаас эдийн засгийн өсөлт суларч, 6.6 хувийн өсөлттэй байсан. Энэ нь сүүлийн 28 жилийн түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт юм. Шинээр 18 мянга гаруй аж ахуйн нэгж байгуулагдаж, хөдөө орон нутгийн 13.8 сая иргэнийг ядуурлаас гаргасан байна. Ийнхүү иргэдийн бодит орлого 6.5 хувиар өссөн. Мөн экспорт, импортын нийт хэмжээ 30 их наяд юанийг давжээ. Энэ хугацаанд гадаад улс орнуудаас 138 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, гадаад валютын нөөц 3 их наяд ам.доллар байсан байна. Гадаад бараа бүтээгдэхүүний импортын дундаж татварыг 9.8-аас 7.5 хувь болтол бууруулжээ. Мөн шинээр 4100 км хурдны галт тэрэгний зам, 6000 км хурдны зам, 300 мянга гаруй км хөдөө орон нутгийн замыг барьсан” талаар мэдээлэв.

            Энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэхдээ, “11 сая гаруй ажлын байрыг шинээр бий болгох, 10 сая иргэнийг ядуурлаас гаргах, хөдөө орон нутгийн ажилгүйдлийн түвшинг 5.5 хувь болгон бууруулах, иргэд аж ахуйн нэгжийн татварыг бууруулах зорилт тавиад байна. Энэ оны хувьд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6-6.5 хувь байна” хэмээн тооцоолж буй талаар хэлэв.

А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ