БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад 18 мянга гаруй хятад ажилчин оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-19 11:40:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан түүхийн ухааны доктор Д.Наранжаргал “Хятад ажилчид БНМАУ-д” /1945-1964/ хэмээх ном гаргалаа.


Тэрбээр эл бүтээлдээ, 1955-1964 онд БНХАУ нь хөрш БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад туслуулахаар олон мянган хятад ажилчин илгээж, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, хөнгөн үйлдвэр, орон сууцны олон зуун барилга байгууламж барьж ашиглалтад оруулсан тухай, хөрш хоёр орны хамтын ажиллагааны нэгэн онцлог үеийг архивын болон гадаад харилцааны баримт сэлтэд тулгуурлан өгүүлжээ.

БНМАУ-ын удирдагчдын удаа дараагийн хүсэлтийн дагуу Хятадын Коммунист намын төв хороо Монголын бүтээн байгуулалтад хятад ажилчдыг илгээн туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг. МАХН-ын Төв хорооноос 1955 оны нэгдүгээр сарын 14-нд хариу захидал илгээж, нийт 12250 ажилчныг ямар ямар мэргэжлээр хүлээж авах тухайгаа мэдэгдсэн байна. Ийнхүү Монголын бүтээн байгуулалтад туслах зорилгоор хятад ажилчдыг оруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1955 оны дөрөвдүгээр сарын 7-нд Бээжин хотноо байгуулж, тавдугаар сард эхний ээлжийн 8000 ажилчин Монголд ирсэн түүхтэй. 1955-1961 онд Монголд ажиллаж байсан нийт хятад ажилчдын тоо 17-18 мянгад хүрч, хятад эмнэлэг, сургууль ажиллууж байв.

Зохиогч эл бүтээлдээ хятад ажилчид цаасны үйлдвэр, тоосгоны завод, чихэр боовны үйлдвэр, ногооны комбинат, гурилын тээрэм, шилний үйлдвэр, Хархорины усжуулах систем, цахилгаан станц зэрэг үйлдвэр, аж ахуйн газрыг хэрхэн бүтээн босгосныг архивын баримтад тулгуурлан өгүүлсэн байна.


Хятад ажилчид орон сууц, нийтийн аж ахуйн олон барилга барьсан байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 40 мянгат, 50 мянгат, 120 мянгатын орон сууц, 5, 6, 14 зэрэг ерөнхий боловсролын сургууль, дээд сургууль, техникумын барилга, оюутны дотуур байр, Байгалийн түүхийн музей, Улсын Их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Энхтайваны гүүр, Спортын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн  зэрэг олон арван барилга барьжээ.

1949 оноос  өнөөг хүртэлх 70 жилийн түүхтэй хоёр улсын харилцааны түүхийн эхний 15 жилийн үйл явцыг нарийн задлан шинжилсэн энэхүү бүтээл нь Монгол-Хятадын харилцаа, Монголын гадаад бодлогыг сонирхон судлагч багш, оюутан, нийт хүмүүст хүртээмжтэй зохиол болсон төдийгүй XXI зууны Монголын гадаад харилцаа, өнөөгийн бодлогод ч ухаарал, эргэцүүлэл, сургамжийн ач холбогдолтой бүтээл болсныг эрдэмтэд онцолж байна.

 

Холбоотой мэдээ