Ажлыг чанаргүй гүйцэтгэдэг аж ахуйн нэгжийг дахин тендерт оролцуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-20 14:00:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль анх 2005 онд баталсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд 20 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тиймээс Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас худалдан авах ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд хоёр төслийг нэгтгэн хэлэлцэж буй юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь цахим худалдан авах ажиллагааны иж бүрэн зохицуулалтыг бий болгох, ногоон худалдан авалт, худалдан авах ажиллагааны шуурхай, ил тод байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шинэлэг дэвшилттэй арга замыг санал болгожээ. Харин УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, худалдан авах ажиллагаанд чанарын үзүүлэлтийг голчлох өөрчлөлтийг тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас асуулт асууж, хариулт авлаа.

Аливаа тендер зарлахад хамгийн бага үнэ санал болгосон аж ахуйн нэгж ялалт байгуулах зарчим үйлчилж ирсэн. Уг заалт хэвээр байгаа эсэхийг О.Баасанхүү гишүүн тодрууллаа. Нэн тэргүүн тендерт оролцож буй компанийн тоног төхөөрөмж, ажиллах хүч, санхүүгийн чадамж зэргийг хардаг бөгөөд үүний дараа үнийн асуудлыг ярина гэдгийг ажлын багаас хариулав. Мөн тендерт шалгараад ажлаа чанаргүй гүйцэтгэдэг аж ахуйн нэгж байгууллагуудын “Хар жагсаалт” гаргаж, тендерт дахин оролцох боломжийг нь хязгаарлах заалт оруулснын цохон тэмдэглэсэн юм.

Хуулийн төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих заалт орсон эсэхийг Ж.Ганбаатар гишүүн асуув. Өмнөх хууль тендерт дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох эсэхийг захиалагч байгууллага шийддэг байсныг заавал дотоодын үйлдвэрлэгчдэд заавал давуу эрх олгодог байхаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн захиалагч байгууллага нь дотоодод үйлдвэрлэж байгаа бараа, үйлчилгээ авах бол зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг тендерт оролцуулна гэсэн заалт оруулж байгааг ажлын багийн гишүүд дурдлаа.

2019 онд хэрэгжүүлэх төслүүдийн тендерүүдийг ойрын хугацаанд зарлаж эхлэх тул уг хуулийг нэн даруй батлах хэрэгтэй гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн хэлсэн юм. Харин Н.Учрал гишүүн Тендерийг цахимаар явуулах нь шуурхай хэдий ч мэдээллийн аюулгүй байдал алдагдах, хакердуулах эрсдэлтэй гэдгийг анхааруулав.

Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүн тендер шалгаруулалтын болон үнэлгээний багт мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулах заалт орсон эсэхийг тодрууллаа. Аливаа тендерийн үнэлгээний багийн 50 хувийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, мэргэжлийн эрдэмтэн судлаачдаас бүрдүүлнэ гэсэн заалт оруулж байгааг ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дурдлаа.

Мөн гишүүдээс хуулийн хэрэгжих хугацааг наашлуулах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Уг хуулийг баталсан тохиолдолд энэ оны зургадугаар сарын 01-нээс хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Энэ нь 2019 оны бүтээн байгуулалтын тендерийг зарлахад хугацааг хэт оройтуулна хэмээн үзэж буйгаа тайлбарласан юм.

Ийнхүү гишүүд асуулт асуусны дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ирсэн 20 гаруй зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Холбоотой мэдээ