Казах түмний соёл, зан заншлыг сурталчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Казах түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбоо, МЗХ-той хамтран “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Дорнын зурхай ёсоор Наурыз нь шинэ жилийн
эхэн, хаврын өдөр шөнө тэнцсэн өдөртэй давхацдаг. Тиймээс казахууд гуравдугаар
сарыг Наурыз гэж нэрлэдэг. Наурыз нь хавар ирснийг илтгэх бөгөөд хаврын
сэргэлтийн баяр юм.
Өдөрлөгт зориулан МЗХ-ны байранд уран бүсгүйчүүдийн урласан хээ хуар, хатгамлаар чимсэн казах үндэсний гэрийг тусгайлан барьжээ. Энэ үеэр үндэсний хувцсаараа гоёсон охид Наурыз көже, идээ будаа, цайгаар хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг дайлсан юм. Мөн залуус казах ардын дуу, домборын аялгуу сонирхууллаа.
Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн
залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан хэлэхдээ, “Наурыз нь эсгий туургатны эрх
тэгш нэгэн гишүүн болох казах ард түмний эртнээс баримталж ирсэн цаг тоолол
ёсоор өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ. Казах түмэн Наурызын
баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах
үйлстэй холбохын зэрэгцээ ахас дээдсээ хүндэтгэн, багачууд хүүхдээ энхрийлж,
төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа ёс төртэй золгодог. Энэ сайхан уламжлалыг
түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор энэхүү өдөрлөгийг гурав дахь жилдээ
зохион байгуулж байна” гэв.
Казах оюутнууд үндэсний ёс заншил, амьдралын
хэв маяг, бүргэд хэрхэн гаршуулах тухай мэдээлэл өгсөн нь оюутан залуусын сонирхлыг татаж байв.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотноо 10 мянга
гаруй казах иргэд амьдардаг байна.