ТӨГСӨШГҮЙ ЦУВРАЛ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2019-04-18 21:51:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Өнөөдөр дэлхий нийтээр хамгийн их шимтэн үзэж буй кино бол HBO телевизийн хамгийн зартай цуврал болох “Game of Thrones билээ. Үзэгчдийн жил гаруйн хүлээлтийг тайлж тус цувралын төгсгөлийн 8 дугаар бүлгийн эхний анги саяхан нээлтээ хийлээ. Тиймдээ ч “Game of Thrones” –гүй өнгөөрсөн уйтгарт өдрүүд ард үлдлээ гэж үзэж болох юм. Нэрт зохиолч Жорж Мартины “Гал, мөсний дуун” зохиолоос сэдэвлэсэн энэхүү цуврал нь 2011 оноос хойш үзэгчдэд хүрч байгаа бөгөөд IMBD-гээс 9.5 үнэлгээ авсан билээ.

ЗОХИОЛЫН ТУХАЙД


Мэдээж уран зохиолын хувьд байж болох түүх хийгээд жаахан фанзати нэмнээс өөр зүйлгүй. Харин тэрхүү фантази байдал нь Харри Поттер шиг хэтийдсэн зүйл биш л дээ. Гагцхүү Дэн Браун шиг бэлгэдэл ихтэй, өнөөгийн нийгэм, улс төрийн байдлыг шоглож бичсэн байдаг нь Жон Мартины уг зохиол “Гал мөсний дуун” цуврал нэртэйгээр хэвлэгдэн гарснаас хойш олон уншигчдыг байлдан дагуулж чадсан юм. 1997 онд зөгнөлт уран зохиолын хамгийн том шагнал болох “Hugo award”-ын шилдэг роман болжээ.


21 дүгээр зууны уран зохиолын салшгүй хэсэг болон төлөвшсөн уран зөгнөлт зохиолын хэлбэрээр бичигдсэн тус бүтээл мэргэжилтнүүдээс ч өндөр үнэлгээг авсан гэдэг. Уншигчдийг сэтгэлийг хөдөлгөх олон төрөл жанруудыг нэг дор сүлэн гайхалтай баялаг ертөнцийг зохиогч бүтээсэн билээ. Нууцлаг адал явдал зохиол эхлэх мөчтэй зэрэгцэх бөгөөд үүнд ямар нэг “оршил” гэж үгүй.


Эрт урьдын мартагдсан цаг үед ямар нэгэн ид шидийн хүчээр дэлхийн улирлын хэм алдагдсан байдаг. Тэрхүү газарт зун нь хэдэн арван жилээр үргэлжлэх бөгөөд өвөл нь бүхэл бүтэн амьдралын турш сунайн байдаг. Энэ л цэвдэг хүйтэн ертөнцөд гай зовлон гарцаагүй нүүрлэх бөгөөд баатрууд ч тэдэнтэй зэрэгцэн төрнө.


Хамгийн гол Жорж Мартин зохиолынхоо хамгийн гол гэсэн дүрүүдийг үйл явдлын зөрчилдөөн дээр шуудхан үхүүлж орхидог. Энэ нь уншигчдад хэрцгий санагдах боловч яг үнэндээ тус арга барил нь цоо шинэ зүйл бий. Найруулагчид ч үүнд нь дуртай байсан бөгөөд кино хийхдээ тааламжтай хандсан болов уу. Ямартай “Гал мөсний дуун” цуврал кино болж телевизийн цувралаар гарч эхэлснээс хойш зохиол болон зохиолч нь бүрч их алдар хүндийн эзэн болсон билээ. Жорж Мартин уншигчдынхаа дунд төмөр сэнтийн жинхэнэ эзэн нь гэсэн үг. Яг л Жон Снөүв шиг...


ҮНЭНД ОЙР




Зохиолын хамгийн гол дүр нь энэ юм байна гэж үзэгчид бодно. Тэр дүр хэзээ ч үхэхгүй бөгөөд ямар нэг арга замаар амьдраад л байдаг. Ингэсээр баатрын дүр аз жаргалаар дүүрэн төгсөнө. Харин “Хаан ширээний тоглоом” энэ зарчмаас тэс өөрөөр бүтээгдсэн кино.


Цувралын эхний бүлгээс өгсүүлээд киноны хамгийн чухал дүр болох Нэд Старк цаазын тавцан дээр хөл тавьдаг. Удалгүй ямар нэг үйл явдал гэнэт бий болж тэрээр аврагдана хэмээн үзэгчид сэтгэл түгшин хүлээж байв. Гэтэл түүнийг шуудхан цаазалж орхих нь тэр. Мөнхүү долоон хаант улсын цорын ганц өв залгамжлагч хэмээгдэж асан залуухан Висерис Таргарян хоромхон төдийд л золгүй байдлаар амиа алдана.


Эхнээсээ авахуулаад эсрэг болон эерэг талын гол дүрүүдийг ээлж дараагаар нь үхэлд хүргэсэн нь тус кино хүмүүст шинэ зүйл мэдрүүлсэн нь лавтай. Гэвч энэ үнэнд хэтэрхий ойрхон байлаа. Тэд аврагдаж, эсэн мэнд үлдсэн бол киноны үйл явдал цаашид үргэлжлэхгүй төдийгүй үзэгчдийг хоосон төөрөгдлөөр байлдан дагуулах гэсэн хуурамч үйл явдлаар дүүрэн байхсан биз ээ. Ийм учраас “Хаан ширээний тоглоом” бол үзэгчдээ хэзээ ч гайхшруулж дуусахгүй кино.


БҮТЭЭГДСЭН ЕРТӨНЦ




Мэдээж тус кинонд галаар тургигч аварга том луу, харанхуйн ид шидтэн, үлгэр домогт сүндэрлэдэг цайзууд, ойн хүүхдүүд, амилж боссон үхлүүд, зэрлэгүүд, ертөнцийн хязгаар дахь аварга том шөнийн харуулын цайз гээд зохиогчийн оюун санааны үр дүнд бүтээгдсэн ертөнц бий. Эдгээр зүйлс үгүй бол кино нь өөрөө үзэгчдэд хүрч чадахгүйгээр үл барам цаг үргэлж хийгддэг телевизийн олон ангит бүтээлийн нэг болж хувирна. Гэхдээ үүнээс чухал зүйл нь тэднийг бүр анхнаас нь асар нарийн бүтэцтэйгээр холбосон найруулагч болоод зохиолчийн ур чадвар юм.


Кино эхлэхэд шөнийн харуулын гурван цэрэг үхдлүүдтэй нүүр тулах бөгөөд нэг нь амьд үлдэнэ. Зугтаж ирсэн түүнийг харуулын үүргээс урвасан хэмээн цаазаар авдаг. Мөнхүү хэдэн зууны дараа гурван луу төрж байхад улаан сүүлт од өдрийн цагаар тэнгэрт харваж байхад хэн ч лууны талаар боддоггүй ба огтхон ч итгэдэггүй. Хүмүүс аливаа бодит зүйл нүдээр хараагүй л бол юунд ч үл итгэх бардам зан чанартай. Харин үүн хариулт өгөхийн тулд яаравчлах хэрэггүй гэдгийг найруулагчид анхнаасаа мэдэж байв.


7 дугаар бүлгийн сүүлчийн анги болон саяхан нээлтээ хийсэн 8 дугаар бүлгийн эхний ангиас л луу, шөнийн үхдлүүд бодитой оршин байдаггүй хэмээж байсан хүмүүс өөрийн нүдээр тэднийг харж итгэл үнэмшилтэй болдог. Ингээд Умардад хүчээ нийлүүлэн дайсныхаа өөдөөс тулалдахаар болно. Гэхдээ хоёр луу манай талд бий. Бусад хаант улсууд нэг дор цуглаж үхдлийн армитай нүүр тулна.

Мэдээж тус киноны фэнүүд хүн төрөлхтний үхдлийн армитай нүүр тулах энэхүү хэсгийг хамгийн ихээр хүлээж байгаа. Одоо ямартаа ч киноны хэн нэгэн гол дүрийн баатар тус дайн болтол үхэхгүй нь мэдээж. Гэвч бас л таамаг төдийхөн. Учир нь энэхүү бүтээгдсэн ертөнцөд хэн ч цаазаар авахуулж, үхэлтэй нүүр тулж мэдэх юм. Ямартаа ч Денерис Таргаряны луунууд хийгээд ихэнх баатрууд тус тулаанд хүн төрөлхтний өмнөөс байлдаж амиа өргөнө.




Уг бүтээлийн хамгийн чухал дүр болох Жөн Снөүв чухам үүнд зориулагдаж бүтээгдсэн. Хэдийгээр тэр одоогоор хаан ширээний жинхэнэ өв залгамжлагч хэмээгдэж буй ч гарцаагүй үхэлтэй нүүр тулах биз. Учир тэр өмнө нь үхээд эргэж амилсан. Тоглоомын дагуу энэ удаад гарцаагүй дахин үхэх боломжтой. Нөгөөтэйгүүр Долоон вант улсын хатан хаан Серсей ч мөн дүрмийн дагуу халин ниснэ. Үүнээс гадна Денерис Таргарян амьд үлдэх магадлал бас л цөөхөн боловч эцэст нь төмөр сэнтийд Санса залагдах учиртай. Нед Старкийн охин болох Вентервелийн хатан Санса анхнаасаа төмөр сэнтийд суух мэт бүтээгдсэн байдаг. Тэрээр эмэгтэй хүнд учирч болох бүх л зовлон зүдгүүрийг туулж гарсны эцэст одоо гэртээ ирж Вентервелийн хатны суудалд заларсан.


Энэ бүхэн гэхдээ таамаглал. Учир нь зохиол хаашаа ч эргэж магадгүй. Эхнээс нь цувралыг шимтэн үздэг ямар ч үзэгч үүнийг андахгүй мэднэ. Магадгүй энх тайван тогтох мөчид төмөр сэнтий хоосон үлдэх ч юм билүү. Ямартай кино багийн зүгээс төгсгөлийн анги бүр томоохон урансайхны кино шиг урт, басхүү биднийг алмайруулах үйл явдлаар дүүрэн байна гэж амласан.


ЖИНХЭНЭ ТӨГСГӨЛ ҮГҮЙ




X хүмүүс”, “Харри Поттер” цувралын өмнөх үйл явдлууд хийгдэж үзэгчдийн хүртээл болсоор байгаа. Мөнхүү “Бөгжний эзэн” киноны өмнөх үйл явдлыг харуулсан “Хоббит”-ууд ч мөн гурван ангитайгаар дэлгэцийн бүтээл болсон.


Тэгвэл “Хаан ширээний тоглоом” цуврал мэдээж 8 дугаар бүлэгтэй хамт төгсөнө. Харин хаадын түүх төгсөх болоогүй аж. Учир нь Жорж Мартины, Жэйн Голдмэнтэй хамтран бичсэн шинэ номыг дэлгэцийн бүтээл болгохоор болж зураг авалт хэдийн эхэлсэн. Тухайн кинонд бидний яг одоо шимтэж буй цувралаас хэдэн мянган жилийн өмнөх үйл явдал өрнө. Мэдээж үйл явдалд олон луунууд бий бөгөөд цагаан үхдлүүд хэрхэн бий болсон талаар харуулах биз ээ. Жорж Мартин яг одоогоор үүн дээрээ төвлөрөн ажиллаж байгаа.


Дашрамд өгүүлэхэд Марины 1980 онд бичсэн “NightFlyers зохиол нь ойрын ирээдүйд дэлгэцнээ амилах гэж байна. Тус бүтээлд нь харь гаригийн амьдрал судалж буй сансрын хөлгийн гишүүд ар араасаа учир битүүлгээр амь үрэгдэж байгаа тухай гардаг юм. Жорж бүх дүрүүддээ ямар нэгэн өршөөл үзүүлдэггүй учраас тус цуврал хэрхэн бүтэх нь үзэгчдэд нэн сонирхолтой санагдах нь ойлгомжтой зүйл билээ. 



Холбоотой мэдээ