Халхгол сумын “Ялалт” музейнхэн нийслэлд үзвэрээ дэлгэжээ

LIVE | ХАЛХ ГОЛ-80
192@montsame.mn
2019-05-24 16:13:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мишээл экспо” төвд өнөөдөр нээгдсэн үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар травэл экспо-2019” үзэсгэлэнд аймаг орон нутгийн аялал жуулчлалын төлөөллүүд өргөнөөр оролцож байна.

Тэдгээрээс хамгийн холоос ирсэн нь Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейнхэн байв. “Мишээл экспо” төвд нээгдсэн аялал жуулчлалын үзэсгэлэн дэх тус музейн хэсгээр орвол тэртээ 80 жилийн өмнө болсон Халх голын тулалдааны түүхийг харуулсан байдлаар зассан байлаа.


Нийслэлд музейгээ төлөөлөн ирээд буй тус музейн сан хөмрөгч А.Чинбаянтай уулзвал, “Халх голын ялалтын 80 жилийн ой тохиож буй энэ түүхэн жил бид гадаад, дотоодын аялагч, жуулчдад зориулан ”Халх голын түүхт 80 жил ба Халхголын маршрут”-аар аялал зохион байгуулахаар төлөвлөж, үүнийгээ танилцуулахаар нийслэлд ирээд байна.

Энэ удаагийн “Улаанбаатар травэл экспо-2019” үзэсгэлэнд анхлан оролцож, дээрх аяллынхаа талаар танилцуулж, түүхэн ялалтын талаар маргааш үзэсгэлэнд оролцогчдод лекц уншина. Манай музей энэ жил тохиож буй ялалтын ойд зориулан БНМАУ-ын гарамгай баатар, хурандаа Л.Дандар агсны хөшөө бүхий шинэ үзвэртэй болж байгаа” гэсэн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ