Ө.Мөнгөнцацрал: Гадаад худалдааг нэг цэгт төвлөрүүлэн нэг бодлогоор хэрэгжүүлдэг систем хэрэгтэй байна

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-06-05 12:22:21


Бээжин /МОНЦАМЭ/. Саяхан Хятадын хамгийн том онлайн худалдааны платформ болох Таобаод “Made in Mongolia” онлайн дэлгүүр нээгдсэнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын Бээжин хот дахь байнгын төлөөлөгч Ө.Мөнгөнцацралтай ярилцав.

-Танд энэ өдрийн мэндийг хүргье. МҮХАҮТ нь ямар зорилго, чиглэл, ач холбогдолтой байгууллага вэ гэдгээс яриагаа эхлэх нь зөв болов уу?

-Манай МҮХАҮТ гол зорилго бол бизнесийн байгууллагуудыг нэгтгэх, бизнесийн дуу хоолой болох юм. Саяхан МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга бизнесийн Топ-150 компанийн удирдлагыг урьж уулзалт хийсэн. Энэ үеэр монголчууд дан дангаараа бизнес хийхээ больё, нэгдэж юм хийцгээе, дотооддоо ч тэр гадааддаа ч тэр МҮХАҮТ-аар дамжуулж асуудлаа дэвшүүлдэг болъё гэх уриаг бүх бизнес эрхлэгчдэд дэвшүүлсэн. Үүнийг маш зөв гэж бодож байна. Учир нь Бээжин хотод байдаг бусад улсын ижил төрлийн байгууллагын жишээг харахад төр, засагтайгаа маш ойр ажилладаг. Төр засагтаа бизнесийн дуу хоолой нь болж чаддаг. Бизнесийн байгууллагуудад хэрэгцээтэй байгаа тухайн улсын талаарх мэдээллийг Худалдаа, аж үйлдвэрийн танхимаараа /ХАҮТ/ дамжуулж, албан ёсоор хангадаг. Ингэснээр эмх цэгцтэй, үр дүнтэй, бодитой ажил явагддаг. Жишээлбэл, Бээжин хотод байрладаг БНСУ, Итали, Герман, Япон зэрэг улсын ХАҮТ-ууд маш идэвхтэй ажиллаж байна. Аливаа улсын бизнесийн байгууллага бизнес хийхийг хүсэж буй улсынхаа талаарх шаардлагатай мэдээллийг өөрийн улсын ХАҮТ-ын төлөөлөгчийн газартаа мэдэгдээд, түүнийхээ үндсэн дээр хоорондоо холбогдож, шаардлагатай хүмүүсийг уулзуулах зэргээр ажилладаг. МҮХАҮТ цаашдаа нэгдэж ажиллая гэсэн зорилготой байгаа.

-Тэгэхээр манай МҮХАҮТ гадны улсуудын жишиг, ололт амжилтаас суралцаад энэ чиглэл рүүгээ явж байна гэж ойлгож болох уу?

-Тэгэж ойлгож болно. Бид үүнийг заавал хийх ёстой зүйл.

-Үүний ач холбогдол нь юу вэ?

-Жишээлбэл, аль нэг төрлийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж Хятадын энэ том зах зээлд дангаар гарахад маш хэцүү. Маш их зардал гарна. Нэг цэгт төвлөрч, нэг бодлогоор явахын үр дүн гэвэл, Хятадаас томоохон хэмжээний захиалагч олоод, түүнийг нь манай хэд хэдэн компани нийлж хийгээд бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж болно. Тэдгээр компани нь ерөнхийдөө захиалга гүйцэтгэгч болох юм. Ингэвэл өөрсдөө маркетингийн зардал төлөөд, дэлгүүр лангуу түрээслэх гээд байх шаардлага байхгүй. Хятад улсын зах зээлд өнөөдөр юу хэрэгтэй байна гэдгийг судлаад, судалсны үндсэн дээр манай улсад үйлдвэрлэх боломжтойг нь хийнэ. Бид эндээс захиалгыг нь олж өгөөд, экспортолж гаргадаг системтэй болох юм. Тэгэхээр манай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сайн, чанартай хийхэд л анхаарах юм. Энэ нь хоёр талд ашигтай. Захиалагч бараа бүтээгдэхүүний хомсдолд санаа зовохгүй, нийлүүлэгчид бараагаа хаана зарах вэ гэдэгт санаа зовох хэрэггүй болох юм. Манай үндэсний үйлдвэрлэгчдийн арга барилыг хараад байхад дор бүрнээ жижиг жижиг зүйл хийгээд, хувийн ч бай хувьсгалын ч бай экспо дээр бараагаа бага хэмжээгээр зарах гэх мэтээр тогтвортой экспорт байхгүй байна. Бид их хэмжээгээр бараагаа заръя, экспортоо их хэмжээгээр нэмэгдүүлье гэвэл тэдний захиалгыг гүйцэтгээд, нэг цонхны бодлогоор экспортод гаргадаг байх хэрэгтэй.

-Энэ хүрээнд МҮХАҮТ-аас ямар арга хэмжээнүүдийг авч байна?

-МҮХАҮТ-аас экспортыг дэмжих ажлын хүрээнд олон ажил төлөвлөсөн байгаа. Аливаа ажлыг хийхэд маш сайн судалгаа хэрэгтэй. Судалгааны баг гэхээр бид бүгдээрээ оролцоно гэсэн үг. Жишээлбэл, би эндээс томоохон хэмжээний захиалагч олоод өгье. Монгол дахь судалгааны баг маань аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, ийм хэмжээний захиалга байна, танай компани үүнийг нь хий гэх мэтээр хувиарлаж, эцсийн бүтээгдэхүүн болгох юм. Мөн манай улсад давуу тал байна. Энэ нь юу вэ гэхээр, бид Европ, Япон руу маш олон бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргаж болж байна. Одоо мөн АНУ руу тодорхой бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргахаар хэлэлцэж байна. Тэгэхээр Хятадын аж ахуйн нэгжүүд үйлдвэрээ Монголд байгуулаад, тэдгээр улс руу бараа, бүтээгдэхүүн экспортолж болж байна. Энэ нь мөн манай улсын ажилгүйдлийн асуудлыг давхар шийдэх боломжтой. Хятад улсаас экспорт хийхэд маш өндөр татвар төлдөг. Эдгээр давуу талаа бид ашиглах ёстой. Үүний тулд, Хятадад эдгээр давуу талаа маш сайн танилцуулж, ойлгуулах ёстой. Үүнийг мэддэг хятадууд маш цөөхөн байдаг.

-Эдгээрийг ажил хэрэг болгохоор та тодорхой ажил хийгээд явах байх. Юу юу хийхээр төлөвлөж байна?

-Ер нь, байнгын л Монголд ямар боломж байна гэж бодож, ярьж явдаг л даа. Аливаа бизнесийг хийхэд төр, засгийн бодлого маш чухал байдаг юм байна. Системтэй ажиллах явдал чухал юм байна. Системтэй гэдэг маань тогтолцоо гэсэн үг шүү дээ. Төр нь бодлого гаргаад, танхим нь хэрэгжүүлэгч агентлаг болоод, бизнес эрхлэгч нараа уриалаад, удирдаад явж байдаг. Тэгж байж бодит үр дүн нь гарна. Тэгтэл манайд өнөөдөр Худалдааны яам гэж алга. Тийм болохоор бизнес эрхлэгчдийн дуу хоолой МҮХАҮТ л болж байна шүү дээ. Жишээлбэл, Хятадад яадаг вэ гэхээр Хятадын олон улсын Худалдааны хороо нь Худалдааны яамныхаа хэрэгжүүлэгч агентлаг гэж явдаг. Энэ хороон дээр бизнес эрхлэгчид төвлөрдөг. Гүйцэтгэлүүд нь  уг хороогоор дамжиж явдаг. Бизнес аялал, бизнес харилцаа, хурал зохион байгуулах гэх мэт бүх ажлыг тус хороо хийдэг. Яам бол уг гүйцэтгэлд оролцохгүй. Бүх орон нутагт нь уг хорооны салбар байдаг. Тус хороо нь дандаа хувийн аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч, харилцан бие биенээ дэмжиж ажилладаг.

-Хятадуудтай амжилттай бизнес хийхэд ер нь манайхан юун дээр анхаарах ёстой байдаг вэ?

Хятад хүмүүс  цагийг маш сайн барьдаг. Манайхан харилцаж байгаад таг алга болчихдог тал буй. Хятадууд танил тал, харилцаа, сүлжээгээрээ дамжуулж бизнест хандах сонирхолтой байдаг. Энэ бол хятадуудын үндэсний соёл гэж хэлж болно. Хэдийгээр Хятад улс 21-р зуунд маш эрчтэй хөгжөөд явж байгаа ч танил тал, харилцаа, сүлжээндээ тулгуурладаг соёлоосоо одоо болтол салаагүй л байгаа. Энэ нь магадгүй том гүрний онцлог байж болох юм. Жишээ нь, Хайнаньд байдаг хүнтэй бизнес хийлээ гэж бодъё. Тэр хүнийг Хайнаньд байдаг юм уу, яг тухайн компани Хайнаньд байршаад, амжилттай яваад байдаг юм уу гэдгийг мэдэхэд хэцүү. Тэгэхээр хамгийн ойрхон нь юу вэ гэхээр, тэр хүн найзаараа дамжуулаад надтай уулзаад, бизнес хийе гэж ярих нь дараа хариуцлага ярихад ойр гэж үздэг. Энэ бол том гүрний онцлог, хятадуудын цусанд нь байдаг соёл юм. Хятадад амжилттай бизнес хийе гэвэл олон найз, олон танилтай болох хэрэгтэй. Хятадууд шууд бизнес ярихаасаа илүү найзлах дуртай. Найзлаж байгаад бизнесээ ярьдаг. Найзынхаа найзтай бизнес хийх тохиолдол ерөнхийдөө 60-аас илүү хувь байдаг. Ерөнхийдөө шууд ажлаа ярьдаггүй хүмүүс. Өөр зүйл ярьж байгаа ч цаана нь уг санаа нь явж байдаг. Тийм болохоор, бизнес харилцаанд орчуулагч маш чухал. Бизнес соёлоо мэддэг орчуулагч байх нь чухал байдаг. Хятадууд мөн аливаа зүйлийг маш олон талаас нь хардаг. Эрсдэлээ маш сайн тооцдог хүмүүс. Тооцож үзээд ашиггүй байвал бизнес хийдэггүй. Гэхдээ бизнес хийхгүй гэдгээ хэлдэггүй, тэгээд л орхичихдог хүмүүс. Манайхан үүнийг нь сайн ойлгохгүй, хятадууд худалч хүмүүс тэгээд л алга болчихдог гэдэг. Яагаад алга болж байгааг нь ойлгох хэрэгтэй. Манай төлөөлөгчийн газар Бээжин хотод байрладаг, Хятадын 20-иод хотод салбартай, олон улсын хуулийн фирмтэй хамтарч ажиллаж байгаа. Бизнес эрхлэгчиддээ зөвлөхөд, ямар ч бизнес хийсэн Хятадын хуулийн байгууллагыг зайлшгүй оруулж байх нь зүйтэй. Асуудал гарсан хойноо одоо бид яах вэ гэх биш. Анхнаасаа бүх зүйлээ хуулийн дагуу хийх нь чухал. Хуулийн фирмтэй хамтарч ажилласнаараа хуулийн зөвлөгөө, хууль эрх зүйн орчны сургалтад хамрагдах боломжтой. Хууль эрх зүйн мэдээлэл шаардлагатай тохиолдолд бидэнд хандаж болно. Мөн бас нэгэн чухал зүйл бол хятад хүмүүс манай төр засгийн бодлого тогтвортой байна уу үгүй юу гэдэгт их анхаардаг. Иймээс манай бизнес эрхлэгчид бизнес хийх явцдаа өөрийн бизнесийг төр засгаас хэрхэн дэмжиж байгааг тайлбарлаж, ярьж, ойлгуулж байх ёстой. Тэгэхгүй шууд мөнгө яриад явчихдаг. Энэ нь ерөөсөө таалагддаггүй гэж хятадууд ярьдаг. Хятадын аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагатай харилцахад хурд маш чухал. Бид хятадуудын хурдыг үнэхээр гүйцэхгүй байна. Манайхан харилцаан дундаасаа таг алга болчихоод сарын дараа гэнэт гарч ирэх зэрэг тохиолдол олон байдаг. Хятадуудтай ингэж бизнес хийнэ гэж байхгүй. Үүнийг маш сайн анхаарах ёстой.


-Бизнес эрхлэгчид танай төлөөлөгчийн газарт хандаад ямар төрлийн үйлчилгээ авах боломжтой байдаг вэ? Хамтарч ажиллах, үйлчилгээ авахад мэдээж тодорхой хэмжээний төлбөр мөнгө төлдөг байх. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бид мэдээж тодорхой хэмжээний зардал мөнгө гаргаад үйл ажиллагаа явуулж байгаа учир тодорхой хэмжээний үйлчилгээний төлбөр авна. Бизнес түнш олж өгөх, бизнес уулзалт зохион байгуулах, бизнес сургалт явуулах, бизнес аялал зохион байгуулах зэрэг бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлж болно. Мөн зах зээлийн судалгаа, худалдааны түнш олж өгөх, үйлдвэрүүдтэй холбож өгөх, бараа материалын судалгаа, маркетингийн компанитай холбож өгөх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах зэргээр үйлчилдэг. Жишээлбэл, бид худалдааны үйлчилгээн дээр 3-5 хувийн үйлчилгээний төлбөр авдаг. Бизнесийн хувьд, тухайн бизнесийн онцлог, цар хүрээ зэрэг нөхцөл байдлаасаа хамаарч харилцан тохиролцох боломжтой байдаг.

-Танай төлөөлөгчийн газар саяхан Хятадын Таобао онлайн платформд “Made in Mongolia” дэлгүүр нээсэн гэж сонссон. Одоогоор хэр амжилттай явж байна вэ?

-Бид Таобао платформд бүтээгдэхүүн байршуулаад сар гаруй болж байна. Эхлээд Таобао дэлгүүрийн талаар товчхон мэдээлэл өгөх нь зөв байх. Таобао нь Хятадын Алибаба групп үүсгэн байгуулсан онлайн дэлгүүр. Нийт 617 сая хэрэглэгчтэй. Хятадад Таобао үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш Жиндун, Т-молл, Вэн Дуодуо зэрэг олон платформууд бий болсон. Өрсөлдөөн улам бүр ширүүсэж байна. Эдгээр нь бүгдээрээ тус тусын онцлогтой. Жишээлбэл, Жиндунд зөвхөн Улсын их дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ зардаг. Тийм болохоор бүтээгдэхүүндээ маш өндөр шаардлага тавьдаг. Вэн Дуодуо нь ерөнхийдөө залуучуудад зориулсан дэлгүүр. Бөөндөж бараа бүтээгдэхүүн авдаг. Нэг хувцасны үнээр таван хувцас авах гэх мэт. Т-моллын давуу тал гэвэл бүтээгдэхүүн нь маш хурдан буюу 24 цагийн дотор хэрэглэгчийн гар дээр очдог давуу талтай. Таобаогийн хувьд, хамгийн том дэлгүүр. Бидний хувьд, Таобао платформд “Made in Mongolia” дэлгүүрээ нээгээд удаагүй байна. Манай аж ахуйн нэгжүүд энэ дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ тавихад нээлттэй. Гэхдээ аливаа бизнест маркетингийн зардал гардаг. Таобаогийн маркетингийн арга барил гэвэл таны байршуулсан бараа нэг хандалт авахад нэг юань унаж байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, та жишээлбэл, 500 юань байршуулсан байлаа гэхэд 500 хандалт авах боломжтой. Гэхдээ 500 хандалт авлаа гээд таны барааг хүн худалдаж авна гэсэн баталгаа биш, нэг ч хүн бараа авахгүй байж ч болно. Гол нь таны барааг 500 хүн үзнэ гэсэн үг. Та 5000 юань байршуулбал таны барааг 5000 хүн үзнэ гэсэн үг. Энэ бол Таобаогийн маркетинг. Мөн таны төлсөн мөнгөний хэмжээнээс хамаарч таны бараа бүтээгдэхүүн эхэнд гарч ирэх зэрэг давуу талтай болно. Их мөнгө төлсөн хүний бүтээгдэхүүн хамгийн түрүүнд гарч ирнэ гэсэн үг. Мөнгө төлөхгүй бол, таны бараа хамгийн ард байгаад л байна. Ингэхээр хүнд танигдахад жаахан хэцүү. Би нэг жишээ хэлье. Саяхан Өвөр Монголын борцны үйлдвэр маркетингийн зардалдаа 80 сая юань зарсан. Үүнийгээ нэг жил хоёр сарын дотор гурав нугалж олсон. Одоо ямар ч маркетинг хийхгүйгээр тэдний бүтээгдэхүүнийг маш олон хүн мэддэг болчихсон.

Таобаод дэлгүүр нээсний дараа олон хүмүүс бидэнд хандсан л даа. Гэхдээ тэдний бодлоор, бараа бүтээгдэхүүнээ байршуулаад л шууд их хэмжээгээр зарагдчихна гэж ойлгоод байгаа юм. Энэ бол буруу. Эхлээд зах зээлийн судалгаа хийх ёстой. Дараа нь зөв маркетинг хийгээд зардалаа гаргаад явах юм бол мөнгө олох боломж бодитоор байгаа.

-Одоогоор ямар бараа бүтээгдэхүүн тавигдсан байна?

Одоогоор дөнгөж эхэлж байгаа болохоор, зөвхөн бэлэг дургалын зүйл тавьсан байгаа. Борлуулалт муу байна. Учир нь, бид үүнийгээ идэвхжүүлээгүй байгаа. Кашмерын компаниуд бараа бүтээгдэхүүнээ тавья гээд гэрээ хийчихсэн байгаа. Бас хүнсний бүтээгдэхүүн байршуулъя гэсэн саналууд их ирж байна. Манай улсын хувьд, бас нэг асуудал гэвэл хил, гаалийн асуудлаа ерөөсөө шийдээгүй юм байна билээ. Чөлөөт бүсийнхээ мэдээллийг бизнес эрхлэгчид маань хангалттай аваагүй байдаг юм шиг санагдсан.

-Хятадад манай ямар бараа бүтээгдэхүүнийг зарах боломжтой гэж үзэж байна?

-Үндэсний онцлогтой бүтээгдэхүүн, тэр дундаа бэлэг дурсгалын зүйл, эко бүтээгдэхүүнүүд, кашмер бүтээгдэхүүнүүд, эсгий, арьсан эдлэл, мах махан бүтээгдэхүүн Хятадад зарагдах боломж байна. Гэхдээ сая хэлсэнчлэн, зах зээлийн судалгаагаа зөв хийгээд, маркетингээ зөв хийгээд явбал шүү дээ. Монголын нэг компани маркетингийн зардалдаа 10 сая юань гаргаад явахад хэцүү шүү дээ.Тэгэхээр миний харсан зүйл гэвэл, би өөрийнхөө харилцаа, сүлжээгээ ашиглаад арван Таобао дэлгүүр ажиллуулдаг найзууд, түншүүддээ Монголын бараа бүтээгдэхүүнийг өгье гэж бодъё. Энэ арван компани анх Таобао дэлгүүр нээгдэхэд л үйл ажиллагаагаа эхэлсэн, туршлагатай компаниуд байна гэсэн үг шүү дээ. Тухайн дэлгүүртэй нэг бүтээгдэхүүний төлбөрийг тохирч болно. Эдгээр арван компанид бүгдэд нь л шинэ бараа бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл, хэрэглэгчид нэг юмнаасаа маш амархан уйддаг. Тиймээс эдгээр арван дэлгүүр бидний саналыг нээлттэй, таатай хүлээж авах болно. Тэдгээр арван компанийн хувьд, аль хэдийн тус бүрийн үйлчлүүлэгчидтэй болчихсон дэлгүүрүүд. Манай барааг байршуулаад л боллоо гэсэн үг. Хэрэглэгчид нь бэлэн байна гэсэн үг шүү дээ. Хятадуудтай ийм байдлаар хамтарч ажиллахад хялбар. Бидний хувьд, дэлгүүрээ нээгээд удаагүй байна. Тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болоход мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ бид үүний төлөө зогсолтгүй ажиллаж байгаа, цаашид ч ажиллана.


-Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Ихэнх гадаад хүмүүсийн бодлоор, Хятад улс 1 тэрбум 300 сая хүн амтай. Би нэг юаниар бараагаа зарахад 1 тэрбум 300 сая юаньтай болно гэсэн бодолтой байдаг. Энэ бол хэзээ ч бүтэхгүй зүйл. Хятадын зах зээлд ороход нэг хувийг нь эзлэнэ гэж л бодож, тооцож орох хэрэгтэй. Нэг хувь дээр төлөвлөгөөгөө гаргах, маркетинг хийх, хүний нөөцөө бэлтгэх нь илүү бодит буюу хурдан, үр дүнтэй шийдэл. Тиймээс манайхан Хятадын зах зээлийн нэг хувийг өөрийнхөө бүтээгдэхүүнээр яаж эзлэх вэ гэдэг дээр ажиллах ёстой. Бидэнд асар их боломж байна.

А.Анхбаяр

 


Холбоотой мэдээ