Архивын улсын үзлэг Төв аймагт эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-20 16:16:32

Төв /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг Төв аймагт

6 дугаар сарын 18-наас эхлэн 7 хоног үргэлжлэх ажээ.

Төв аймагт улсын архивын үзлэгийн ажлын хэсгийн ахлагчаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АЕГ, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Ч.Оюунчимэг, төрийн албаны зөвлөлийн шинжээч Б.Оюуннасан, АЕГ-ын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Болд, АЕГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн С.Лхамсүрэн нар ажиллаж байна.

Архивын улсын үзлэгийг өчигдрийн байдлаар 20 хувьтай явуулж байна. 

Энэ үзлэгийн бэлтгэл ажил болгож, аймгийн хэмжээнд урьдчилсан үзлэгийг бүх суманд зохион байгуулжээ.

Энэ хүрээнд улсын үзлэгт бэлтгэх зорилгоор 2019 оны Засгийн газрын "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хөтлөлт"-ийн улсын үзлэг явуулах тухай 150 дугаар тогтоолын дагуу аймгийн хэмжээнд ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2019 оны А/125 тоот захирамжаар улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөг, А/284 тоот захирамжаар сум байгууллагад архивын урьдчилсан үзлэг зохион байгуулах ажлын хэсгийг, А/286 тоот захирамжаар тус тус батлан  томилж ажиллажээ.

Урьдчилсан үзлэгээр сумдын дундаж үнэлгээ 84,1 хувьтай, байгууллагуудын дундаж үнэлгээ 86,9 хувьтай, аймгийн дундаж үнэлгээ 85,5 хувь буюу тодорхой үр дүнд хүрсэн гэсэн дүгнэлттэй байгаа хэмээн аймгийн Архивын тасгийн дарга Д.Оюунтуяа мэдээллээ.

Төрийн албаны зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг угтаж аймгийн нийт 178 төрийн байгууллага 101.0 сая төгрөгийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд зориулж, 55 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн програмыг шинээр нэвтрүүлж, 29 байгууллагын архивын програмыг шинэчлэн сайжруулж, 74 байгууллага  архивын нягтруулсан шүүгээ болон зориулалтын тавиуртай болжээ.

Төрийн байгууллагын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг угтаж хийсэн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 2 зорилт, 14 арга хэмжээтэй батлуулан ажилласан нь бүгд биелсэн байна.



Холбоотой мэдээ