Монголд анх удаа баяр наадмын нээлтийг үдэш хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-28 09:23:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 210 жилийн ой, "Хотгойдын хурд-4" хангайн бүсийн даншиг наадмын нээлт Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлгийн доор үдэш боллоо. Гэрэлтүүлгийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санаачилга дэмжлэгээр нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.

Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан байгуулсан тус цамхагийн гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко гэрэлтүүлэг бөгөөд, засвар үйлчилгээ хийх тохиолдолд цамхагийн суурь нь хоёр метр хүртэл буулгаж болдог, ашиглахад хялбар ухаалаг шийдэлтэй аж.

Шинэ гэрэлтүүлгийн ажлыг Филипс гэрэлтүүлэг компани гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэрэлтүүлгийг Сүхбаатарын талбай, "Чингисхаан" нисэх онгоцны буудал зэрэг томоохон байгууламжид суурилуулж байсан туршлагатай.

Баяр наадмын нээлтэд Мөрөн хотын Засаг дарга Ц.Гансүх, УИХ-ын гишүүн Ц.Давасүрэн нар болон МУГЖ Ө.Уянга, МУСТА  Я.Гэрэлчулуун, С.Наран, "Камертон" зэрэг олон уран бүтээлчид Гандан хийдийн лам хуврагууд, аймаг сумын алдарт уяачид, Хөвсгөл аймгийн уран бүтээлчид оролцлоо.


 

 

 

Холбоотой мэдээ