Аргентины Эдийн засгийн асуудал хариуцсан сайд огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-19 10:29:02

БУЭНОС-АЙРЕС. /BBC/. Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри анхан шатны сонгуульд ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор санхүүгийн хямрал гүнзгийрч буй энэ үед тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Николас Дуйовне огцорсон байна.


Энэ сарын 11-нд болсон сонгуулийн дүнгийн улмаас Аргентины мөнгөн тэмдэгт болох песогийн ам.доллартай харьцах ханш 20 хувиар буурсан юм. Уг сонгуулиар Аргентины Ерөнхийлөгч М.Макри 32.1 хувийн санал авсан бол сөрөг хүчний өрсөлдөгч Альберто Фернандест сонгогчдын 47.7 хувь нь саналаа өгчээ.


Анхан шатны сонгуулийн дүнг олон нийтэд албан ёсоор зарласны дараа олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Fitch” болон “Standard & Poor's” агентлаг Аргентины зээлжих зэрэглэлийг бууруулсан байна. Энэхүү үйл явдлаас хэдэн хоногийн дараа М.Макри орлогын албан татварыг бууруулах, нийгмийн халамжийн татаасуудыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ шатахууны үнийг 90 хоногийн турш царцаахаар болжээ.


Засгийн газрын Эдийн засгийн асуудал хариуцсан багийг "жинтэй шинэчлэх" хэрэгтэй байгааг мөн Аргентины Ерөнхийлөгч онцолсон байна. Эдийн засгийн асуудал хариуцсан сайдын албыг Буэнос-Айрес мужийн Эдийн засгийн асуудал хариуцсан төлөөлөгч Хернан Луканза үргэлжлүүлэн хашина.


Аргентины эдийн засагт эрс шинэчлэлтүүдийг хийнэ хэмээн амласан М.Макри 2015 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож, төсвийг танах, татаасуудыг үгүй болгох зэрэг аргаар улсынхаа эдийн засагт итгэх олон улсын итгэлийг сэргээхийг эрмэлзсээр иржээ.


2018 оны тавдугаар сард М.Макри Олон улсын валютын сангаас урьдчилан сэргийлэх чадварыг дэмжих шугамаар 50 тэрбум ам.долларын зээл хүсжээ. Аргентин улсын эдийн засаг одоогоор уналтад орсон бөгөөд энэ оны эхний хагасын байдлаар инфляцийн түвшин 22 хувь хүрсэн байна. Албан ёсны үзүүлэлтүүдээс үзэхэд Аргентины хүн амын гуравны нэгээс илүү хувь нь ядуу амьдарч байгаа аж. 

Холбоотой мэдээ