Шүүх болон шүүгчийн нэр хүнд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-09-09 15:43:12

Бие даасан, хараат бус шүүхийн талаар маш их ярьж байна. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний гарын үсэг зурж өргөн барьсан, Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн төсөлд шүүхийн талаар есөн заалт оржээ. Түүн дээр Ерөнхийлөгч шүүхийг засаг захиргаа нутаг дэвсгэрээр төдийгүй тойргоор байгуулах болон Шүүхийн сахилгын хороо байгуулах тухай заалтууд нэмлээ. Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг  УИХ-ын 62 гишүүний шүүхийн хариуцлагын  зөвлөл, Ерөнхийлөгчийн шүүхийн сахилгын хороо байх ойлголтуудыг нэг гэж үзвэл үндсэндээ 10 зүйл заалтын хүрээнд болов. Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүдийн олонхын (57 дээш гишүүний) дэмжлэг авсан гурван төрлийн зүйл тус бүрээр нь авч үзье.

 

Бүх нийтийн санал асуулгын дараа болох гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэгдэж байгаа төслөөс үзвэл ШЕЗ хоёр хуваагдах нь. Түүнийг утгачилан авч үзвэл шүүгчийг сонгон шалгаруулдаг хэсэг нь (ШЕЗ) хадгалагдах бололтой.  Энэ тухайд  “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллана. Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэснийг олонх дэмжсэн аж. Энэхүү заалтаар ШЕЗ-д шүүгчийг сонгон шалгаруулж Ерөнхийлөгчид уламжлан батламжлуулах үйл ажиллагаа нь хадгалагдан үлдэх бололтой.


Харин тус зөвлөлийн хариуцлага тооцдог  хэсэг нь сахилгын хороо болж бие даана. Энэ талаар “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана. Түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэснийг УИХ-ын 57 гишүүн дэмжжээ. Түүнийг хэлэлцэх явцад “Хариуцлага хүлээж байгаа  (түтгэлзсэн огцорсон)  шүүгчид давж заалдах (шүүхэд) эрх нь хадгалагдах ёстой” гэсэн санаа үе үе хөндөгдөж байв. Гэхдээ энэ талаар ард нийтийн санал асуулгын дараа хийх гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт илүү нарийн тодорхой болох биз ээ.


ШЕЗ мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар шүүгчийн сонгон шалгаруулах, хариуцлага тооцох явдлуудыг зэрэгцүүлэн хийдэг. Нэг үгээр хэлбэл, нэг гараараа шүүгчийг сонгодог. Харин нөгөө гараараа огцруулдаг. Энэ талаар ШЕЗ-ийг тойрсон олон санаа хөндөгдөж байсан гэж үзэж болно. Тэдгээрээс сүүлийн үед (Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн төсөл өргөн барьснаас хойш)  “шүүгчийг сонгохдоо ШЕЗ-ийн зарим гишүүн авлига авсан  байх магадлал өндөр” гэдэг санаа маш их хөндөгдсөн гэнэ. Тэр нь сэдэв болон хүрээгээ тэлж ШЕЗ-ийн гүйцэтгэж байсан ажил үүргийг хоёр хуваахад хүргэв бололтой. Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлт батлагдсан тохиолдолд шүүгчийг сонгон шалгаруулах, шүүгчид хариуцлага хүлээлгэх хоёр үйлдэл тус тусдаа байх уу, үгүй юү гэдэг нь тодорно.

 

Эдгээрээс гадна “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэсэн шүүхийн тогтолцооны тухай заалт байв.


Засаг захиргааны хувиарлалтын дагуу шүүх байгуулах нь нэг шүүгчид ногдох ажлын ачаалал янз бүр байдаг сул талтай гэнэ. Шүүхийн тогтолцоонд үүссэн гажгийг засах үндсэн арга нь шүүхийг тойргийн журмаар байгуулах явдал гэж үзсэн байна. Шүүхийг тойргоор байгуулахад нэг шүүгчийн ажлын ачаалал тэнцвэржих сайн талтай аж. Шүүхийг тойргоор байгуулсан тохиолдол бий. Гэхдээ тэр үйлдэл Үндсэн хууль зөрчсөн гэдэг нөхцөлөөр хэлбэршиж чадаагүй. Ийм учраас шүүхийн тогтолцоог Үндсэн хуульд суулгах зөв  гэж үзсэн  бололтой.


Үндсэн хуульд шүүхийн тогтолцоог суулгаж өгөх нь нэг хэрэг. Харин бие даасан хараат бус шүүхийн нэр төрийг өндөрт өргөж явах нь шүүгч нараас цэвэр шалтгаална.  Шүүхийн нэр хүндийг шүүгч нар унагасан гашуун түүх бий. Иймд шүүх ард түмний “авлигач гэж үзсэн шүүгчдээс”  салсан нөхцөлд  нэр хүнд  нь цэвэрших биз. Шүүхийн нэр хүнд, шүүгчийн нэр хүнд нь салгаж болохгүй мөнгөн зоосны хоёр тал шүү дээ.


Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн 487 шүүгч ажиллаж байна. Түүн дээр Дээд шүүхийн 24 шүүгч нэмэгдэнэ. Нийтдээ шүүн таслах ажиллагааг 117 шүүх, 530 шүүгч явуулж байгаа юм билээ. (Ерөнхийлөгч ШЕЗ-ийн шийдвэрийг үндэслэн 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.) Тэдгээрийн ажиллах нөхцөлийг хангасан шүүхийн тамгын газрын ажилтнууд орно. Дээр нь шүүгч нарыг сонгон шалгаруулдаг, хариуцлага тооцох  Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн аппаратын ажилтнууд багтана.  Тэд бол туслах хэмжээний  түшмэлүүд юм даа.  

 

Холбоотой мэдээ