Хоршоологчид тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 13:12:15

Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос 21 аймагт очиж ажиллах, гишүүн холбоодынхоо үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах зорилготойгоор 6 дахь аймагтаа буюу Өвөрхангайд ажиллалаа. Тэд Өвөрхангай аймгийн хоршоологчдод сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Уулзалтаар холбооны зүгээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажлаа танилцуулахын зэрэгцээ хоршоог хэрхэн хөгжүүлэх вэ, яаж хамтрах вэ, юуг шийдвэрлэх вэ гэдгийг хэлэлцэж, аймгаараа, бүс нутгаараа хоршоод эхэлвэл хамтын хөдөлмөрийн давуу талыг олж боломжтойг хоршоологчдод ойлгуулах зорилготой байгаа аж.

Тус холбооноос хоршоологчдыг нэгтгэн Дундын төв байгуулж, ингэснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийн зохицуулалт хийх, хоршоодыг нэгтгэж хөгжүүлэх олон ажлынхаа эхлэлийг тавихаар зорьж байгаа гэдгийг гүйцэтгэх захирал Л.Тэмүжин хэллээ. “Хоршооны асуудал 2012 оноос хойш төрийн бодлогын гадна үлдэж ирсэн. Яагаад гэвэл хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтворгүй болж, сүүлийн гурван жилд гэхэд ХХААЯ-аас Хөдөлмөрийн яаманд, одоо Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газар дээр Хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн гэх байдлаар шилжиж ирээд байгаа. Сүүлийн 2-3 жилд төрийн зүгээс хоршооны чиглэлээр авсан дорвитой арга хэмжээ байхгүй. Ард иргэдийн хоршоолох хөдөлгөөнд нийлээд байгаа гол шалтгаан бол ноос, арьс ширний урамшууллыг хоршооны гишүүн бүхий малчин иргэнд өгнө гэж заасан учраас урамшуулал л авах зорилготой нэр төдий хоршоодууд бий болсон. Ингэснээр хоршооны стандарт, зарчим алдагдаад эхэлсэн.

Тийм учраас бид нар холбооныхоо зүгээс хөдөө аж ахуйн хоршоог үндэсний хэмжээнд бүрэн хариуцах, бүртгэл, судалгааг хийх зорилготой байна. Бие даасан хууль гаргахаар боловсруулаад бэлэн болсон, одоо хэлэлцүүлэх л үлдээд байна. Мөн бид MMCG гэсэн судалгааны компанитай хамтраад улсын хэмжээнд хоршоологчдын судалгааны ажлыг хийж байгаа. Үүний үр дүнд тэдний албан ёсны тоог төдийгүй нийлүүлж буй бодит үйлдвэрлэлийн судалгааг гаргаж ирнэ. Ингэснээр дараа дараагийнхаа хийх ажил, хөрөнгө оруулалт, бусад асуудлаа шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна” хэмээн тэрбээр хэллээ.

Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоонд 640 гишүүн хоршооны 250 мянга гаруй хүн хамрагдаж байгаагаас Өвөрхангай аймагт 21 гишүүн хоршоотой аж. Тэдний өмнө банк санхүүгийн зээл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үйлдвэрлэлийн чадамж тулгамдсан асуудал болоод байна.

Өвөрхангай Б.Батчимэг      

Холбоотой мэдээ