Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-16 14:16:40

БЭЭЖИН. /TASS/. Хятадын эрх баригчид АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын энэ сарын 15-нд баталсан Хонконг дахь хүний эрхийн асуудлаарх хуулийн төсөлд эрс эсэргүүцлээ илэрхийлж байна хэмээн БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс дэх Гадаад хэргийн яамны комиссын газрын мэдэгдэлд дурджээ.


"Хонконг дахь хүний эрх, ардчиллын асуудлаарх хуулийн төсөл гэж нэрлэгдэх хуулийн төслийг бид эрс эсэргүүцэж байна. Хятад улс үндэсний аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын хүрээнд бүрэн эрхт байдлаа хамгаалах үр дүнтэй хариу арга хэмжээг заавал авах болно. Одоогоор Хонконгт хамгийн тулгамдсан асуудал бол хүний эрх, ардчиллыг хамгаалах бус нөхцөл байдлыг хэвийн болгох, хүчирхийллийг зогсоож, эмх журам тогтоох явдал юм. АНУ-ын Конресс худал мэдээллийг бодит байдал болгож байна” хэмээн баримт бичигт онцлон тэмдэглэжээ.


Зохих хуулийн төсөл эцэслэн батлагдвал Вашингтон Хонконг болон эх газрын Хятад дахь өөрийн ашиг сонирхолд халдах болно гэдгийг Гадаад хэргийн яам сануулжээ. Үүний зэрэгцээ “АНУ Хятад, Америкийн харилцаанд сэв суулгаж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Хонконг дахь нөхцөл байдалтай холбоотой 3 хуулийн санаачилгыг сайшаан баталсан байна. 

Холбоотой мэдээ