Дэлхийн найм дахь гайхамшиг бүхий Сиань хот

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2019-12-11 10:35:21
Бин Ма Юн морин цэргийн баримал

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шэньси мужийн Ардын Засгийн газрын Хэвлэлийн алба, Синьхуа агентлагтай хамтран Сиань хотыг гадаадын сэтгүүлчдэд танилцуулах аяллыг 11-р сарын 26-29-нд зохион байгуулав.

Аялалд Монгол, Япон, ОХУ, Казакстан, АНУ зэрэг орны 10 гаруй сэтгүүлч оролцож BYD /Би Яа Ди/ машины үйлдвэр, Сианий Бичгийн хүрээлэн /Шү Юань Мэн/, Хотын хана, Сиань Олон улсын боомт, Ай Жүй тос тосон бүтээгдэхүүний үйлдвэр, Да Яао цамхаг, алдарт Бин Ма Юн буюу морин цэргийн баримал, Chishine 3D, IFLYTEK, Ziggurat, Цэнхэр арал зэрэг өндөр технологийн компаниудтай танилцсан юм.


            BYD авто машины үйлдвэр

            BYD гэдэг нь Building Your Dream буюу Мөрөөдлөө бүтээ гэдэг үгийн товчлол бөгөөд тус компани 1995 онд анх 20 ажилтантайгаар байгуулагдаж байжээ. Улмаар 24 жилийн асар хурдацтай хөгжлийн үр дүнд өдгөө 240 мянган ажилтантай, Хятадын цахилгаан авто машины салбарт тэргүүлэгч компани болтлоо өргөжсөн байна. Тус компани нь Хятад улс даяар 30 гаруй үйлдвэрийн парктай бөгөөд Сиань, Чанша зэрэг олон хотод авто машины үйлдвэртэй.


            Сиань хотын Бичгийн хүрээлэн / Шү Юань Мэн/

            Мин гүрний үеийн барилга байгууламжийг санагдуулам аялал жуулчлалын бүс бөгөөд дотроо олон соёлын дурсгалт газартай. Үүнээс Гуан Жүн бичгийн хүрээлэн нь Хятадын хамгийн том дөрвөн бичгийн хүрээлэнгийн нэг бөгөөд Мин, Чин улсын үед Шэньси мужийн хамгийн дээд боловсролын байгууллага байжээ.



            Сиань хотын хана

Сиань хотын хана нь тус хотын хамгийн том биет соёлын өвд тооцогддог бөгөөд ханыг 1374-1378 онд барьж байгуулж, өнөөг хүртэл бүрэн бүтнээр нь хадгалан авч үлдэж чадсан.


            Сиань Олон улсын боомт

Тус боомт нь “Чан Ан” нэрт Хятад-Европ чиглэлд зорчих галт тэрэгний цувааны цөм болсон газар юм. Энэхүү цуваа нь анх 2013 онд албан ёсоор эхэлж байсан бөгөөд хурдацтай өсөн нэмэгдэж байна. Тус боомтоос Дундад Азийн орнууд руу болон Европын 10 маршрутаар тээвэрлэлт хийдэг бөгөөд энэ оны эхний 10-н сарын байдлаар нийт 1700 /чингэлэг/ галт тэрэг тээвэрлээд байна. Эдгээр маршрут нь 45 орны нутаг дэвсгэрийг хамардаг аж.


            Ай Жүй тос тосон бүтээгдэхүүний үйлдвэр

Энэхүү үйлдвэр нь 1934 онд байгуулагдсан бөгөөд Шэньси мужийн тос тосон бүтээгдэхүүний хамгийн томоохон үйлдвэрийн нэгд тооцогддог. Тус компани нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Казахстан улстай хамтран хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд Казахстан улсад жилдээ 300 мянган тонн үр тариа нийлүүлэх хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэр барьж байгуулжээ. Энэ нь Казахстан улсын хувьд, хамгийн том хүнсний тос боловсруулах үйлдвэрийн төсөл юм. Мөн өнгөрсөн сард Шанхай хотод зохион байгуулагдсан Импортын 2-р экспогийн үеэр тус компани Казахстаны аж ахуйн нэгжтэй 100 мянган тонн тосны материал, 100 мянган тонн улаан буудай худалдан авах 1.22 юанийн гэрээг үзэглэсэн байна.

Үйлдвэрийн холбогдох ажилтны танилцуулснаар, Казахстанд тарьж ургуулсан улаан буудай зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь Хятадынхтай харьцуулахад чанар сайтай байдаг гэнэ. Мөн үнийн хувьд боломжийн байдаг нь импортлох гол шалтгаан болдог.


            Бин Ма Юн морин цэргийн баримал

            Чин Ши Хуан хааны морин цэргийн баримал нь дэлхийн найм дахь гайхамшиг гэгддэг бөгөөд Хятадын Чин улсын үед барьж байгуулжээ. Энэхүү баримлыг 1974 онд олж илрүүлсэн бөгөөд Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэсэн алдартай бүтээл юм.

              

Холбоотой мэдээ