Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчвөл хариуцлага тооцдог байх санал гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Оролцогчид Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчсөн тохиолдолд хариуцлагын механизм бий болгох зэрэг санал гаргав.
Сонсголд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкуудын холбоо болон арилжааны банкуудын төлөөлөл оролцлоо. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан даргалж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Я.Содбаатар, Б.Ундармаа нар оролцлоо.
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг УИХ 2017 оны 5 дугаар сард баталсан бөгөөд 2018 оноос хүчин төгөлдөр мөрдөж байна. Ерөнхий хяналтын сонсголын эхэнд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой танилцуулгыг Монголбанкны төлбөр тооцооны газрын бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан танилцуулсан юм.
Уг хууль батлагдсанаар төлбөрийн систем, төлбөрийн үйлчилгээ, цахим төлбөр тооцоо гэх мэт мэдээллийн технологийг даган хурдтай хөгжиж байгаа нэн чухал зүйлсийг шинээр тодорхойлсон бөгөөд энэ системд хэн оролцож, ямар үйлчилгээ үзүүлэх, ингэхдээ ямар шаардлага хангаж, хэрхэн зөвшөөрөл авах, ямар дүрмийн дагуу тоглох гэх мэт банк санхүүгийн бусад хуульд байдаггүй зүйлийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл манай төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалт нь олон улсын стандартад нийцэж, шаардлагыг хангаж эхэлсэн гэдгийг илтгэлдээ онцоллоо.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр нар хуулийн хэрэгжилттэй холбоотой өөрчлөлт, үр өгөөж, мөн хаана ямар асуудал байгаа, газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа тухай оролцогчдоос асуулт асууж, хариулт авсан юм.
Уг хууль батлагдсанаар бий болсон хамгийн том өөрчлөлт, шинэчлэлт нь өмнө нь зөвхөн банк, ББСБ гэсэн хоёрхон байгууллага оролцдог байсан төлбөрийн системийн талбарт энэ хоёроос бусад байгууллага оролцож, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх боломжийг Монгол Улсад анх удаа нээсэн явдал гэдгийг тодотгосон юм. Мөн төлбөрийн картын системд зөвхөн банкууд оролцдог байсан, журам дахь зөвшөөрөл авах шаардлагыг хуулийн этгээд болгож өөрчилснөөр Банкнаас бусад байгууллага оролцох боломжтой болсон, одоогоор Хай пэймэнт солюшнс ХХК буюу энэ HiPay гэсэн байгууллага зөвшөөрлөө аваад байгааг албаныхан танилцууллаа.
Хуулийн хүрээнд шинээр бий болсон зохицуулалт нь цахим мөнгө гаргах үйлчилгээ болон төлбөрийн системийн оператор, төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх юм. Үүний нарийвлан зохицуулах зорилгоор 2018 оны хоёрдугаар сард Цахим мөнгөний журмыг, 10 дугаар сард Клирингийн системийн оператор болон төлбөр тооцооны төлөөлөгчийн ажлын журмыг боловсруулж, батлуулсан байна.
Монголбанк болон оролцогчид Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай заалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах санал гаргав. Мөн цахим төлбөр тооцоо гүйцэтгэх зөвшөөрөл олгох заалтууд нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтай давхацсанаар энэ төрлийн үйлчилгээг эрхлэх байгууллага хэнээс зөвшөөрөл авах нь ойлгомжгүй байгааг хэлж байв. Тиймээс үүнийг зохицуулж хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг онцоллоо.