Д.Оюунхорол: Зээлгүй 192 мянган ахмадад ашиг хүртээх боломжийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-08 17:47:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тодруулбал тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллээ.

 

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор тус ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг байх аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хуулийн төсөл батлагдсанаар, хоёрдугаар сарын 1-нээс дахин тэтгэврийн зээл олгохгүй болж байгааг тодотгоод, зээл аваагүй болон төлсөн иргэдийг ялгахгүй байх талаар ямар арга хэмжээ авахыг тодрууллаа. Мөн тэрээр, зээлийн оронд гурван сарын тэтгэврийн урьдчилгааг хүүгүй олгохоор зохицуулсан байгааг тэмдэглээд, банканд энэ хэмжээний мөнгөн эх үүсвэр байгаа эсэхийг лавлав. Үүнээс гадна Салхитын мөнгөний ордын эзэмшилтэй холбоотой шүүхийн маргааныг эцэслэсэн эсэхийг асуулаа.


УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, Сүүлийн хоёр жил Засгийн газраас тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай багасгах арга хэмжээ авч ажилласан гэдгийг дурдав. Гэхдээ энэ зээлийг цаашид зогсоох шаардлагатай гэдгийг онцолж байв. Учир нь иргэд тэтгэвэр, тэтгэмжээ барьцаалж зээл аваад гар дээрээ мөнгөгүй сарынхаа амьжиргааг залгуулж байна. Тиймээс энэ зээлийг нэг жилийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээл болгох, эсвэл хүүгүй, гурван сарын тэтгэврийнх нь урьдчилгааг олгох зэрэг аль нэг хувилбараар зохицуулахаар Монголбанк, арилжааны банкуудтай хэлэлцэж байгааг тэмдэглэв. Тэрбээр, "Үндсэн хуульд төр иргэдээ ялгаварлахгүй гэж заасан ч иргэдээ ялгаж байгаа асуудал гэж үзэхгүй байна. Тэтгэвэр барьцаалсан зээлтэй байгаа иргэдийн зээлийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу энэ хуулийн төслийг өргөн барьсан. Тэтгэврийн зээл нь эрсдэл багатай, хугацаандаа төлөгддөг зээл гэж арилжааны банкууд үздэг. Манай судалгаагаар 8 орчим тэрбум төгрөгийн эрсдэлтэй зээл байна. Тодруулбал, зээлдэгч нь нас барсан, үр хүүхдэд нь зээл нь өвлөгдөж байна.Тиймээс зээлдэгч нь нас барсан, үр хүүхдэд нь өвлөгдсөн зээлийг мөн тэглэхээр хуулийн төсөлд зохицуулсан" хэмээв. 


"Салхитын мөнгөний ордыг эзэмшиж байсан Хятадын компанийн тусгай зөвшөөрлийг АМХЭГ-ын шийдвэрээр цуцалсан. Тухайн компани энэхүү шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх эл асуудлыг хэлэлцэж тухайн компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд, АМХЭГ-ын шийдвэрээр Салхитын мөнгөний ордыг төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн мэдэлд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхээс уг ордын өмчлөлийг Монгол Улсын Засгийн газрын талд шийдсэн, ямар нэгэн эргэлзээ байхгүй" гэдгийг мөн ХНХ-ын сайд С.Чинзориг тэмдэглэлээ. 


УИХ-ын гишүүн М.Билэгт, Зээл аваагүй гээд орхисон 190 мянган ахмад настан бас л өөр хэлбэрийн зээлээр амьдардаг. Тиймээс ахмадуудаа ялгаварлахгүй байх талд зохицуулалт оруулах эсэхийг лавлав. 


Харин УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол хариулахдаа, "Өнөөдрийн байдлаар, тэтгэврийг зээлтэй 229 мянган иргэн байна. Тэдгээрийн 91 хувь нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй. Цаана нь 21 мянга гаруй иргэн 7-30 хүртэлх сая төгрөгийн зээл авчээ. Тиймээс зургаан саяыг нь чөлөөлөөд, үлдсэнийг нь өөрсдөөр нь төлүүлэх нь зүйтэй гэсэн асуудлыг ажлын баг хэлэлцэж байгаа" гэв. Түүнчлэн зээл аваагүй 192 мянган ахмадад Салхитын мөнгөний ордоос орж ирэх ашгийг хүртээх нь зүйтэй гэсэн байр суурьтайгаар ажлын баг ярилцаж байгаа тухай хэллээ. Дээрх асуудлыг эцэслэн шийдээгүй ч, ажлын баг тооцож судална гэв. 


Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын НББСШУБХ-нд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ